Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд болж, өндөрлөлөө.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Золжаргал, Л.Соронзонболд нар болон Улсын Их Хурлын Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Төрийн албаны зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар зэрэг төрийн яам, агентлагын 30 орчим байгууллагын 60 гаруй удирдах албан тушаалтан, мэргэжилтэн оролцсон.
Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Төрийн дижитал шилжилтийн сорилт бэрхшээл ба шийдэл” сэдвээр болсон бол/дэлгэрэнгүйг эндээс/ үдээс хойших хоёр дахь хэсэг нь “Дижитал шилжилтийн ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх боломж, шийдэл” сэдвийн хүрээнд боллоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан бөгөөд сэдвийн хүрээнд Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак (GovStack) төслийн ахлах менежер Набхонил Рой бусад улс орны сайн туршлага, төслийн болон түүний хэрэгслүүд, үндсэн техникийн үзүүлэлт, хэрэгжүүлсэн туршлагаас танилцуулж, илтгэл тавьсан.
Дараа нь төрөөс дижитал үйлчилгээг хэрхэн төлөвлөдөг, худалдан авдаг, хэрэгжүүлдэг нийт үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудал, сайжруулах боломжуудын талаар санал солилцов. Мөн ГовСтак (GovStack)-ийг ашиглан Монгол Улсын дижитал шилжилтийг хэрхэн хурдасгах боломжууд, хамтын ажиллагааны дараагийн алхмын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэг ийн өндөрлөсөн ч Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак (GovStack) төслийнхөн Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн байгууллагуудад тухайлсан уулзалт, сургалт явуулах боломжтой гэдгийг онцолж байлаа.
Мөн энэ үеэр Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах, процессын дахин инженерчлэл, төрийн нэгдсэн мэдээллээр хангах журмын эрх зүйн зохицуулалттай холбоотой хүндрэл, бэрхшээлийг эрх зүйн хувьд хэрхэн шийдэх боломжтой талаарх саналуудаа холбогдох байгууллагууд тус дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх боломжтойг мэдэгдэв.
Ингээд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг хааж, үг хэлсэн. Тэрбээр юуны өмнө хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон, зохион байгуулсан бүх хүмүүст Байнгын хорооны нийт гишүүд болон хувиасаа талархал дэвшүүлэв.
Дэлхийн “Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс”-ийн 2024 оны тайланд Монгол Улс 176 орноос 60.6 оноогоор 74 дүгээрт, “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын “Авилгын төсөөллийн индекс 2024” тайланд Монгол Улс 180 орноос 114 байранд эрэмблэгдсэн байна. Эдийн засгийн эрх чөлөөний индекс нь жил бүр олон улсын хэмжээнд гардаг үнэлгээний тайлан бөгөөд эдийн засгийн өсөлтийг бууруулах, сааруулахад төр нөлөөлж байгаа эсэхийг тоо баримтаар харуулдаг онцлогтой. Энэ нь бидэнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлоготой байхыг, үйл ажиллагааны ил тод байдлаа сайжруулах дохио өгч байгааг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Мөн тэрбээр, бидний өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачлан 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 78 дугаар тогтоолыг батлуулсан. Уг тогтоолыг “амьдруулах” нэг шийдэл нь “Govstack” санаачилга гэдэгт итгэж байна гэв.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн хэлэлцүүлгээр ХБНГУ, Эстони зэрэг дэлхийд мэдээллийн технологи, цахим засаглалаар тэргүүлж байгаа орнуудын зах зээлд батлагдаж, цагийн шалгуурыг давсан сайн шийдлүүд манай оронд нутагшиж, тэгш эрх, тэгш боломжийг бүрдүүлж, учир шалтгааны зангилааг тайлах ач холбогдолтой гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0 cэтгэгдэлтэй