Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.11.19/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өгөөжийг хэрхэн сайжруулахыг, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлд ямар шинэчлэл хийхийг асууж тодрууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг УИХ хэлэлцэн баталснаар эдийн засгийн өгөөж сайжирна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариуллаа. УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн төслийг дэмжиж батлуулна гэдгийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр онцлов.
Таван жилийн үндсэн чиглэл хөрөнгө оруулалт, үр дүнтэйгээ хэрхэн уялдаж байгааг асуулаа. Өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлт 50 гаруй хувьтай гарсан. Эдийн засаг хөгжлийн яамнаас түвшинг тодорхойлох аргачлалыг олон улсын жишгээр нарийвчилснаар үр дүнгийн тооцоолол тодорхой болсон гэв. Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гаруй гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. Хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж баталлаа.

0 cэтгэгдэлтэй