
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол цэргийн Нэгдсэн холбоо, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх, соён гэгээрүүлэх зорилгыг үйл ажиллагаа бүртээ шигтгэсэн уг чуулга уулзалтад Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймгийн удирдлагууд, 27 сумын бэлтгэл үүрэгтнүүд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, ахмадын хороод, Төв аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтан, цэргийн бэлтгэл үүрэгтэн, офицер, ахлагч, түрүүч, байлдагчдын төлөөлөл оролцож байна.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: Төв аймагчууд бид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан цэрэг эх оронч, хувьсгалч, дайчин түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Улс, эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх, соён гэгээрүүлэхэд өнөөдөр энэхүү танхимд хуран чуулсан эрхэм та бүхний үүрэг оролцоо хамгаас чухал.
Цэргийн алба хаасан та бүхний дунд Монгол Улсын аварга малчин, тариаланч, аймаг, сумын аварга малчин, бизнес эрхлэгчид, төрийн тусгай албан хаагчид байгаа нь цэргийн алба эр хүнийг хэрхэн зөв хүн болгон төлөвшүүлж байгаагийн тод жишээ гэж харж байна. Та бүхэн чуулга уулзалтад оролцсоноор цэргийн алба хааж байх үе болон он жавуудаа дурсаж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтын хүрээнд БНМАУ-ын баатар хурандаа генерал Бутачийн Цог, БНМАУ-ын баатар Дуламдоржийн Самдан нарын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн бол “Монгол туургатан театр”-ын гадна танхимд Монгол цэргийн музей, Төв аймгийн музейн хэсэгчилсэн үзмэр, Монгол цэргийн Нэгдсэн холбооны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, “Монгол туургатан театр”-ын их танхимд нээлтийн арга хэмжээ, сургалт, урлагийн тоглолтыг зохион байгуулав.
Түүнчлэн үдээс хойш чуулга уулзалтад оролцогчид Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцан, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд ажиллаж, Монгол Улсын арван баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, “Цэргийн тангараг” давтан ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж Цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцох юм.


0 cэтгэгдэлтэй