Түүхийг нэхэн санаж, хойч үедээ дурсамж, бахархлыг үлдээдэг “Ялалтын баяр”

newslifemn 3 цагийн өмнө

Хүн чанарыг шалгаж, мөн чанарыг харуулсан дайн гэгч хайр, аз жаргал, сайн сайхан амьдралын мөрөөдөлтэй хэнийг ч үл ялган, уй гуниг, хагацал харуусал, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, тэсвэр хатуужил, тэвчээрийг шалгасан цаг хугацаа, түүхийн үнэн гэрч гэлтэй.

1939-1945 онд үргэлжилсэн Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь шууд болон шууд бусаар оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж, тэдний 60 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан гэдэг. Энэ дайн нь 1939 оны 9-р сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн бөгөөд 1941 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн үүрээр Германы тал нэгэн зэрэг гурван өргөн фронтоор 180 орчим дивиз, 5.5 сая орчим цэргийн хүчээр ЗХУ-ын эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд хар мөрөө үлдээж, таван жил үргэлжилсэн урт хугацааны дайны он жилүүдэд хүний хорон муу санаа ямар аймшигтай зүйлс хийдэг болохыг хорих лагерьт хоригдсон хүмүүсийн түүх намтар, баримт сэлт, ном зохиол, кино уран бүтээлүүдэд үлдсэн байдаг.

Өнөөдөр ч дэлхийн улс орнуудад дайны нөхцөлд амьдарч байгаа олон мянган хүнийн эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл өрнөж, хэн нэгэн муу сэтгэлтний золиос болон хохирч яваа. Тийм ч учраас Дэлхийн II дугаар дайн өнгөрсөн цагийн түүх болон үлдсэн ч өнөөдөр ч үргэлжилсээр байгаа дайны тулааны үнэн дүр төрхийг хэн ч үл мартаж, эхийн халуун хэвлийгээс хүн болон мэндэлсэн эрхэм хувь тавиландаа талархаж, хорон муу атгаг санаандаа хөтлөгдөлгүй бусдыг өөр шигээ санаж хайрладаг хүмүүсийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь чухал гэлтэй.

Тийм ч учраас жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын хотуудад Дэлхийн II дайны он жилүүдийн гашуун сургамжийг дурсан санаж, түүхэн ялалт байгуулсан өдрийг бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээг холбосон баярын жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай. Сэтгүүлч миний хувьд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотыг зорин очиж, “Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяр”-ын жагсаалыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн торгон мөчийг дахин мэдэрсэндээ баяртай байна.

Өнгөрсөн оны энэ өдрүүдэд Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд тус хотод очиж,  “Аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойн баяр”-ын жагсаал, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө хоёр улсын цэрэг эрсийн хамтын нөхөрлөл, ялалтын үнэн түүхийг эрдэмтэн түүх судлаачдын судлаачид өсвөр үеийнхэн болон оюутан залууст ойлгуулан таниулах уулзалтуудыг сурвалжилж байсан юм. Энэ үед эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байв. Харин энэ удаад эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн ямар чухал юм, өөрийн улс орны түүхийг мэдэх нь өнөөдрийн амар тайван амьдралыг авчирсан гэдгийг ойлгох нь ямар чухал юм бэ гэдгийг залуучуудын харц, үг үйлдэлээс нь харж мэдэрсэнээ нуух юун. Тэд зовлон үзсэн улсын хүчирхэг ард түмэн, айл бүрээс хайртай хүмүүс нь дайны хатуу ширүүн тулаанд оролцож, зарим нь халуун амиараа өнөөдрийн эрх чөлөөг минь авчирсан гэдэгт талархаж, хүндэтгэж, чин сэтгэлээсээ дурсаж, өнгөрсөн үеийнхэнийхээ баатарлаг үйлсээр бахархаж явдаг нь хэнээс ч асуусан мэдрэгдэж байсантай холбоотой болов уу. Хэдийгээр түүхийн он жилүүдэд алдаатай бодлого байсаар ч гэлээ тэд эх орноосоо урваагүй, урвахгүй улам бүр цэцэглэн хөгжиж, хүчирхэгжиж байгаа нь харагдаж байлаа.

Тэр дундаа Орос, Хятад гэдэг дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улстай мөнхийн хөрш Монголчууд  бидний өвөө, эмээ, ахмад буурай нар ямар агуу сайхан сэтгэлтэй байж “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг үгний утгыг жинхэнэ утгаар нь ойлгуулж, дайны он жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар, ард түмэн дайны эхний өдрөөс дуусах өдөр  хүртэл  ЗХУ-ын үнэнч холбоотон нь байж  “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлж, 740 гаруй вагоноос бүрдсэн галт тэрэгний  зургаан удаагийн  бэлгийн цуваагаар тусламж хүргүүлсэн бахархам түүхийг баярын жагсаалын үеэр онцлон харуулахад өөрийн эрхгүй ахмад үеийнхэнийхээ хүнлэг сэтгэл, холч ухааныг мэдэрч зогссон юм.

Харин өнөөдөр манай улсад энэ түүхийн үнэн баримтыг үр хойчдоо хэрхэн өвлүүлэн үлдээж, ахмад үеийнхэнээрээ бахархах сэтгэлийг хүн бүрийг зүрх сэтгэлийн угт төрүүлж чадаж байгаа билүү гэж эрхгүй бодоход хүргэсэн билээ …