Оросын онгоцны түлшийг үгүйсгээд боловсон Германы араас орох уу!

newslifemn 2025-05-1

Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дэд бүтцийг ОХУ-тай хамтарч ашиглах талаар хэлэлцээрийн төсөл орж ирсэн нь нийгмийг талцуулав. Тэгвэл эндээс “Хойд хөршөөс 20 жил тасралтгүй шатахуун авна гэсэн нэрийн дор оросуудад агаарын тээвэр, нефтийн үйлдвэрээ алдах гэж байна гэх мэт нийгмийг  зориуд бухимдуулж байгаа нь хэнд ашигтай вэ” гэсэн асуулт тавигдаж байна.

Манай улс хойд хөршөөс агаарын хөлгийн шатахууныг 100 хувь авч өдий хүрсэн. Бензин, түлш ч мөн адил. Оросын тал ч найрсаг харилцааны үндсэнд хямд үнээр нийлүүлж өнөө хүрлээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ байнга өсөж байгаа нөхцөлд ОХУ-ын Засгийн газартай урт хугацааны, шууд нийлүүлэлтийн тогтолцоотой, дундын зуучлагчгүй хэлбэр рүү шилжих гэж буй нь алсыг харсан алхам юм. 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбат Тамсагийн талд газрын тос гарган авсанд омогшин цайвар дээлийнхээ энгэрийг мялааж байсан зураг түүх болон үлджээ. Энэ цагаас хойш монголчуудын өөрсдөө газрын тос олборлон дотооддоо шатахуун үйлдвэрлэх хүсэл мөрөөдөл 32 жилийн турш биежээгүй л явж байна. Тамсагийн нефть дотооддоо боловсруулагдах бус урд хөрш рүү гарсаар байгаа нь бодит үнэн.

Нефтийн үйлдвэр барьж буй гэх ч өнөө хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм чинь 20 жилийн дотор өндөр октантай тусгай бензин үйлдвэрлэнэ гэдэг эргэлзээтэй. Оросын түлшнээс татгалзаж, ард түмнийг үймүүлж байгаа хэсэг бүлэг этгээдийн дараагийн үйлдэл нь мөн л Оросын цахилгаан эрчим хүчнээс татгалзуулж, өөр эх үүсвэрээс оруулж ирэх гэнэ. Гэхдээ тэд Герман Улсын эдийн засгийн гайхамшиг нь Оросын хямдхан хийн дээр үндэслэгдсэн байгаад сайн дураараа татгалзсаны улмаас Европын гол эдийн засаг гэгдэж байсан тус улс аж үйлдвэргүйжүүлэлтийн эрин рүү орсон түүхийг судалсан болов уу. 2022 онд Шольцын Засгийн газар ОХУ-ын хийн оронд Норвег, Нидерланд, Бельгийн байгалийн шахсан хийг импортолж эхэлснээр хийн бөөний үнэ 2022 оны гуравдугаар сард мегаватт-цаг нь €138 евро хүрч ( 2016-2019 оны дундажтай харьцуулбал 280 хувь өсөж), ХБНГУ-ын хэрэглэгчдийн гар дээр дөрөв дахин өссөн үнээр  хүрсэн байдаг.

Герман Улсын хими,машины, эмийн том үйлдвэрүүд хаагдаж, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Герман Улс ийнхүү өөрийн улсын эдийн засгаа самраад тоохгүй дүр үзүүлж байхад өөр нэгэн маш ухаантай эрхэм болох Венгер Улсын Ерөнхий сайд Виктор Орбан эх орныхоо эрх ашгийг эрхэмлэнэ гээд ОХУ-тай найрсаг харилцаа тогтоон, тав дахин хямд үнээр хий худалдан авч, ард иргэдээ хангаж байна. “Газпром экспорт” компани нь Унгарын эрчим хүчний MVM компанитай оросын хийг 15 жилийн турш жил бүр 4.5 тэрбум куб.м хүртэл хэмжээнд нийлүүлэх гэрээнд 2021 оны есдүгээр  сарын 27-нд гарын үсэг зурснаар Венгер Улс өөр хэний ч нөлөөнд автахгүй, өөрийн улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэж байна. Гэтэл манай тархи угаагчид болохоор удалгүй гадны хямд ажиллах хүчин оруулж ирүүлэх нь бидэнд ашигтай, зүгээр хэвтэж байгаад Эмиратад байгаатай адил “Эх орны хишиг” аваад сууна гэж биднийг сэнхрүүлсээр. Ардчиллын буянаар гадаад паспорт олж авсан иргэд маань гадаадад нийгмийн баталгаагүй хөдөлмөр эрхлэн, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавин хэдэн төгрөг хурааж чадах нь чадаад, чадахгүй нь хүний нутагт гацаад, хорвоо дэлхийгээр таран одож байгаа нь нууц биш. Манай улс хүн амын пирамидаа үнэн зөвөөр судалж гаргаж чадаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байгаа.

Дотоод нөхцөл байдлаа харвал, манай ажил олгогчид өөрийн иргэдээ мэргэжил боловсролгүй, гадаад эздийн үйлдвэрт ажиллахад омог бардам, тохиромжгүй хэмээн гаднаас хямд ажиллах хүч оруулж ирсээр  дараа нь  буцааж гаргаж чадахгүй байдалд хүрэх аюултай. Европын Холбоо, Европын улс гүрнүүд, гол түүчээ нь болох Герман Улс цагаачдаа хумиж чадахгүй бодит байдалтайгаа өнөөдөр нүүр тулгараад байна. Энэ бүхнийг бид яг одоо урт хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэхийн өмнө тооцож үзэх шаардлагатай юм. “Яг одоо, боломж гарсан дээр нь бушуухан амжиж хулгайл” гэсэн үзэл бодолтой гадны гар хөлүүдэд баруун хязгаарт байгаа Дорж гуайн хотонд түргэний машин бензингүй гээд хүрч очихгүй байх эсвэл захын дүүргийн эмнэлэгт тог тасраад хүний амь үрэгдэх огтхон ч хамаагүй. Тэд гадаадын банк, эсвэл оффшорт нуусан мөнгөөрөө Монголд биш харь  эх оронд тансаглаад л сууцгаана. “Сүх далайтал үхэр амар” гэгчээр бид үүнд хууртагдсаар байх уу? ОХУ-тай 20 жилийн хугацаатай  нисэх буудлын менежментийг  хамтарч хийхэд яагаад болохгүй гэж.

Дэлхийн хэмжээнд авч үзвэл хариугүй жижиг буудлын зохицуулалт хийх гэж байна. Харин ч өөрсдөө ирсэн түлшээ  шалгаад зогсож байна биз. 2022 онд ОХУ нь агаарын хилээ барууны орнууд болон АНУ-аас хаасан бол тэдгээр улсуудын агаарын тээврийн компаниуд нь ОХУ-ыг тойрон нислэг үйлдэж маш их алдагдалд орж байгааг бид үзэж, сонсож  байна. Иймд Монгол Улс нь олон улсын агаарын тээврийн хаб болох боломж бас бий болж байгаа юм. Бухимдах зүйл дээрээ бухимдлаа зөв гаргахгүй энэ мэт жижиг зүйлээр олон түмний сэтгэлийг донсолгож буй нь цаанаасаа сайтар зохион байгуулж, нийгмийн хүнд асуудлаас ард түмнийг анхаарлыг хөндийрүүлэх бодолтой явуулж буй явуулга гэдгийг ойлгох нэгэн байхад ойлгохгүй нь ч бас цөөнгүй биз ээ. Далд үйл ажиллагаа явуулдаг гадаад эзэдтэй,  хэчнээн олон уул уурхайн компани  байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулж, малчид төрж өссөн нутагтаа “Гишгэх газаргүй хөл” гэгчийн гашуун жишээ болж буйг та бид мэднэ.

Эх орончид хэмээн цээжээ дэлддэг тэмцэгчид “Нефтийн үйлдвэр ашиглалтанд орохгүй юунд удаад байна вэ” гээд хашгирч яагаад болдоггүй юм бол?

Сошиалд гарсан элдэв шуугиан, цахим тархи угаалтад  итгэж хөөрдөг даган баясагчид  энэ бүхнийг эрүүл ухаанаар тунгааж, саруул сайхан ирээдүйн төлөө үгээ хэлдэг байгаасай.

Д.Уртзам /Судлаач, нийтлэлч/