
Канадын Торонто хотноо болж буй Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтын үеэр монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан танилцуулах “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, засгийн газрын бодлого, салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга хийж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрүүллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрөөс баримтлах бодлого, шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах тал дээр анхаарч байгаа гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас
• Ашигт малтмалын нөөцийг арвижуулах үүднээс геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ орд газруудыг нээн, газрын хэвлийн нэгдсэн геомэдээллийн санг бүрдүүлнэ,
• Уул уурхайн шинэ төслүүдийг эхлүүлж, ордын нөөцийг сорчлохгүй ашиглах, уурхайн өргөтгөл, шинэчлэлт, боловсруулалтыг нэмэгдүүлнэ,
• Аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ,
• Эрдэс бүтээгдэхүүнийг биржээр арилжаалан, тусгай зөвшөөрөл олголтыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно гэдгийг энэ үеэр онцоллоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.2%-д нь Геологийн эрэл, хайгуулын ажил явагдсан байдаг. Хайгуулын лиценз олгох 10,000 талбайг олон нийтэд буюу гадны хөрөнгө оруулагч нарт санал болгож буйгаа сайд Ц.Туваан энэ үеэр илэрхийлж, Монгол Улсын ашигт малтмалыг нээн илрүүлэхэд хамтран оролцохыг урьлаа.
“Монголын өдөр” арга хэмжээний үеэр танилцуулсан сэдвүүд:
• Эрх зүйн орчин ба бодлогын чиглэл – Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин
• Уран ба эрчим хүчний шилжилт – Монгол Улсын ураны нөөц, дэлхийн эрчим хүчний зах зээл дэх стратегийн үүрэг.
• Алт болон үнэт металл – Монголын алтны томоохон төслүүд ба салбарын өсөлтийн хэтийн төлөв.
• Чухал ашигт малтмал болон газрын ховор элемент – Өндөр нэмүү өртөг шингээх боломж бүхий стратегийн чухал ашигт малтмал.



0 cэтгэгдэлтэй