
1932 оноос хойш 93 дах жилдээ зохион байгуулагдаж буй #PDAC-2025 буюу дэлхийн уул уурхайн олон улсын чуулга уулзалт 3 дугаар сарын 02-нд Канадын Торонто хотод эхэллээ.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан тэргүүтэй төр засгийн болон уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож байна.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалтад улс орнуудын засгийн газар, уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, туршлага, мэдлэг, мэдээлэл солилцож, хамтран ажиллах яриа, хэлцлүүүд өрнүүлж байна.
Манай улсын хувьд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломж гарцыг танилцуулах, шинэ түншлэлийг судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.
Олон улсад оролцогчдын цар хүрээ, нэр хүнд, нөлөөллөөрөө хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтад дэлхийн 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1100 үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мөн энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын томоохон төсөл, боломжуудыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм.
Чуулга уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан зарим улс орнуудын төр засгийн төлөөллүүд, салбарын сайд нартай тусгайлан уулзалтууд хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Энэ үеэр олон улсын уул уурхайн сайд нарын уулзалт зохион байгуулагдана.
Мөн “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулах юм.

0 cэтгэгдэлтэй