Монгол, Эмиратын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болов

newslifemn 5 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Абу Даби хотноо болов.
Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Эмиратын талаас АНЭУ-ын Эдийн засгийн сайд Абдулла Тоуг Аль-Марри нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцов.
Хуралдааны үеэр талууд Монгол, Эмиратын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, дээд өндөр түвшний айлчлалууд тогтмолжиж байгааг тэмдэглээд цаашид энэхүү харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжих хүрээнд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг харилцан айлчлуулах, хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр оронд зохион байгуулагдаж буй олон улсын хурал, үзэсгэлэнд бие биеэ дэмжин тогтмол оролцож байхаар болов.
Түүнчлэн хоёр тал уул уурхай, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх болох цэвэр эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байгаагаа харилцан тэмдэглээд эдгээр салбарт хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Эмиратын сайн туршлагыг судлах, тус салбаруудын мэргэжилтнүүдийг Эмиратад бэлтгэхэд хамтарч ажиллахаар тохиролцов.
Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын компаниудын хооронд хэлхээ холбоо тогтоох, туршлага солилцоход дэмжиж ажиллахаар болов. Хоёр орны хооронд яригдаж буй шууд нислэг үйлдэх асуудлыг ажил хэрэг болгохоор тохиров.
Эдийн засгийн хамтарсан хорооны хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх тухай протоколд Шадар сайд Т.Доржханд, Эдийн засгийн сайд Абдулла Тоуг Аль-Марри нар гарын үсэг зурав.