Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний үндэсний хороо өнөөдөр /2024.12.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Эрчим хүчний үндэсний хороо эрчим хүчний реформ хийхтэй холбогдуулан ирэх онд хэвлэлийн зардалд 8 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээлэлд Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд тайлбар өгөв.
Тэрбээр: -УИХ ирэх оны төсөв хэлэлцэж буйтай холбоотойгоор нэлээд олон мэдээллүүд явж байна. Зарим нь зөрүүтэй мэдээллүүд байна.
Нэгдүгээрт, Хамтарсан Засгийн газар байгуулагдсан гол зорилго нь юу вэ гэхээр 34 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа томоохон асуудлуудаа шийдье, бодитой эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлье, энэ 4 жил эдийн засгийн реформыг хийе гэдэг дээр бид хамтарсан. Үүний суурь нь эрчим хүчний реформ байгаа. Эрчим хүч байхгүй бол эдийн засаг байхгүй. Дэлхийд ингэж явдаг. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Монгол Улсын эрчим хүчний экспорт эхлээд явж байна.
Ногоон эрчим хүчний салбарт бид хөрөнгө оруулалт хийе гэдгийг Саудын Араб дэлхийн эхний 10-т ордог том тоглогч “ACWA Power”, “Mazda” гэх хөрөнгө оруулагч нартай уулзаж ярилцаад хамтарч ажиллахаар болсон.
Хөрөнгө оруулагч нар Монголыг сонирхож байна. Яагаад гэхээр танай зээлжих зэрэглэл өссөн. Эдийн засаг тогтвортой байна. Улс төрийн орчин тогтвортой болсон байна. Иймд хөрөнгө оруулалт хийж болж байна. Гагцхүү олон улсын стандартын дагуу хамтын ажиллагаагаа явуулъя гэж байгаа.
Ард иргэдэд зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн. 10 дугаар сард төсөв хэлэлцэж байх үеэр саналаа өгч байсан нь үнэн. Түүний дараа 2-3 сарын хугацаанд бодитой ажил хийгдээд тариф, бодлогын өөрчлөлтүүд хийгдсэн. Харамсалтай нь зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл нь очоогүй юм байна лээ. Хэвлэлийн зардалд 500 саяас 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Нэгдүгээрт, Мэдээллийн зөрүүтэй байдал гарсан.
Хоёрдугаарт, Сангийн яамнаас мэдээллээ багцлаад явахдаа “Хэвлэл мэдээллийн зардал” гэсэн ангилал руу оруулаад явчихсан байна лээ. Тэр нь магадгүй богино хугацаанд мэдээллээ солилцож чадаагүй алдаа гарсан болов уу гэж бодож байгаа.
Цахилгаан халаалтыг иргэд дэмжиж байгаа. Бид урт хугацаанд энэхүү шилжилтийг хийнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна. Үр дүнд нь үнэ буурна. Тогтвортой, найдвартай үнэ буурна. Шилжилт болгон өвдөлттэй байдаг нь үнэн. Өнөөдөр магадгүй тэр үе нь байж магадгүй байх. Гэхдээ аль болох бид иргэддээ ачаалал өгөхгүйгээр энэ шилжилтийг хийж байгаа. Хамгийн бага орлоготой өрхүүдэд аль болох ачаалал өгөхгүйгээр үе шаттайгаар явж байгаа. Тавдугаар сар, зургаадугаар сараас бид дулааны эрчим хүчний шилжилт, үнэ тарифын өөрчлөлт рүү орж байгаа. Цаашдаа индексжээд явна. Энэ эхлээд давхар бүтцийн өөрчлөлттэйгөө цуг явж байж ийшээ хөрөнгө оруулалт орохгүй бол өнөөдөр төр, Засгийн газраас хатуу үнэ барьчихсан. Тэрийг үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь бүтээгдэхүүнийхээ 50 хувийн үнээр зарахад хэн хөрөнгө оруулалт хийх билээ. Ийм болохоор энэ шилжилтийг бизнес эрхлэгчид, ялангуяа ногоон эрчим хүч рүү шилжсэн иргэд маш сайн ойлгоод дэмжиж байгаа гэсэн хүлээлттэй байгаа.
Эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гарган ажиллаж байгаа. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна.
-Цахилгааны үнэ нэмсэнээс үүдээд иргэд эргээд нүүрсээ түлээд байгаа асуудал байна. Энэ нь тэгэхээр шинэчлэл биш ухралт болоод байна гэж харагдаж байна?
Цахилгаан халаалт ашиглаж байгаа 1000 гаруй өрх байгаа. Эдгээр хүмүүс эргээд нүүрсээ түлээд байгаа мэдээлэл байх шиг байна.
-Үйл ажиллагааны төсөвт танай үндэсний хороо хэчнээн төгрөгийн төсөв суулгасан бэ? Хэчнээн хүн ажилладаг вэ? Байр, оффисын хувьд түрээсэлдэг үү?
-Эрчим хүчний үндэсний хороо 10 хүнтэй ажиллаж байгаа. Маш бага зардлаар ажиллаж байгаа. Түрээслээд явдаг. Цалин бол яг л төрийн албан хаагчийнхаа ангиллыг дагаад л явж байгаа шүү дээ.
Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороо буюу шилжилт хийх хороо давхацсан бүтэц юм биш үү гэдэг асуудал УИХ-ын гишүүдийн дунд явж байх шиг байна. Сэтгүүлчид бас асууж байх шиг байна. Энэ бол ялаатай юм шүү. Яагаад гэхээр Шадар сайдын эрхлэх ажил бол салбар хоорондын уялдааг хангадаг юм. Нөгөө талдаа миний хувьд гаднын хөрөнгө оруулалт прокумент худалдан авалт, өрсөлдөөний асуудал хариуцдаг. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилтийг хийгээд явах нь зүйтэй юм байна. Яагаад гэхээр хөрөнгө оруулалт нь ихэвчлэн гаднаас юм байна гэсэн агуулгаар явж байгаа. Энэ шилжилтийг хийхийн тулд төсвийн асар их санхүүжилт хэрэгтэй болно. Бодлогын бичиг баримтууд, олон улсын стандартууд хэрэгтэй болно. Энэ стандартууд дээр ажиллахын тулд манай Эрчим хүчний яам дээр нөөц хязгаарлагдмал юм.
Тэгэхээр аливаа зүйлийг монголчилдог цагийг зогсоох ёстой. Одоо олон улсын төсөв, стандартаар ажлаа төлөвлөөд явдаг байх хэрэгтэй. Ингэж бид олон улсын тоглогч нар, хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллаж байж энэ шилжилт маань бодитоор хийгдэнэ. Ийм болохоор хамгийн бага зардлаар өнөөдөр хамгийн их хэмнэлт хийгээд дээрээс нь орлого олох шилжилтийг Эрчим хүчний үндэсний хороо авч явж байгаа. Үндэсний хороо дээр реформыг хийнэ гэсэн итгэл үнэмшилтэй гурван намын төлөөллүүд ороод явж байгаад талархал илэрхийлмээр байна.
Эдгээр гишүүдтэй бид мэдээллээ илүү солилцоод явах ёстой юм байна гэдэг дээр анхаарч ажиллана. Нийгмийн зүгээс тодорхой түвшинд их хэмжээний дэмжлэг байгаа. Нөгөө талаас мэдээллийн дутагдалтай байдлаас эсэргүүцэл байгаа нь ойлгомжтой юм.
Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг өснө. Ирэх жилийн өсөлт дор хаяж 7 хувьтай байгаа. Ирэх жилүүдэд бид 6-8 мега төслүүдээ санхүүжүүлж эхлүүлнэ. Үүнд хамгийн багадаа 600 мегабайтын эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй байгаа.
Энэ рүү бид эрчим хүчээ залгаж явахгүй бол эдийн засгийн тэлэлт байхгүй. Энэ тэлэлт өссөнөөрөө боловсрол, эрүүл мэндийн салбарын тэтгэвэр, цалин өсөх болно.
0 cэтгэгдэлтэй