С.Цэнгүүн: Сүүлийн үед дэлхий дахинд эрчим хүчний реформ маш их явагдаж байна

newslifemn 2024-10-24

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Эрчим хүчний салбарт социализмын үеэс хойш огт шинэчлэл хийгээгүй. Шинэчлэл хийгээгүй гэдэг нь зах зээлийн зарчимдаа шилжээгүй л гэсэн үг. Хүмүүс “Эрчим хүчний салбарт зайлшгүй төрийн оролцоо шаардлагатай” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, маш том бүтцээр ажилладаг салбарын нэг талыг нь л гаргаж ирээд хараад байна. Заавал энд төрийн оролцоо шаардлагатай гэж ярих хүмүүс байгаа бол зарим нь хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдэж болно гэж тайлбарлаж байгаа. Ингээд тайлбарлаад явахаар хэзээ ч дуусахгүй хэрүүл рүү бид орчхоод байгаа юм. Үндсэн гурван бүтэц бий. Тухайлбал, эх үүсвэр буюу том станц. Энэ станцуудаас өндөр хүчдэлийг дамжуулах шугам татах. Тэгээд дамжуулах шугамуудаас түгээх шугамаар айлууд руу цахилгаан гаргадаг.

Энэ гурван бүтцээс дамжуулах шугамыг нь л төр хариуцдаг. Харин станц болон айл өрхүүд рүү түгээх станцыг чөлөөт өрсөлдөөнд оруулах асуудлыг ярьж байгаа юм.

Төр дамжуулах шугамаа хариуцдаг нь учиртай. Тодруулбал, нэг том станцыг монополь болгож түүнээс хамааралтай байхгүйн тулд төр оролцдог юм. Хүмүүс “Нэг мөнгөтэй хүн станц барина. Тэгээд тэр хүний дуртай үед тогтой байж, дургүй үед нь тоггүй байх юм биш үү” гэж ярьж байгаа. Тийм асуудал байхгүй ээ. Сүүлийн үед дэлхий дахинд эрчим хүчний реформ маш их явагдаж байна. Сая Орос, Украины дайнаас нэг зүйлийг ойлголоо шүү дээ. Нэгдсэн том сүлжээтэй, тэгээд тэнд нь гэмтэл гарахад маш олон хот цахилгаангүй болох эрсдэлтэй гэдгийг олж харлаа. Тэгэхээр бид бие даасан байдлаар олон жижиг эх үүсвэрийг тухайн бүс орчимд нь байгуулах нь   үнийн хувьд ч хямд тусахаар байгаа юм. Учир нь техникийн хувьд хямдаар шийдэх боломжтой. Ингээд эхлэхээр нэг аймгийн төвийг цахилгаанаар хангахад жижиг хөрөнгө оруулалт ороод ирнэ. Өмнө нь зайлшгүй Засгийн газар оролцсон том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт шаарддаг байсан бол өнөөдөр шинжлэх ухаан, техник технологийн  дэвшлийн бололцоог харахаар тархмал эх үүсвэрээр шийдэж болж байна. Хөрөнгө оруулагч нь хөрөнгөө гаргаад тухайн аймаг, орон нутагт асуудлаа шийдэж болно. Бүр суманд ч шийдэж болно. Тэр бүү хэл айл өрхүүд нэг панель тавиад л эрчим хүч үйлдвэрлэгч нар шүү дээ. Цаг үе өөрчлөгдөж буй учир эрчим хүчний салбарыг үндсэн том үзэл баримтлалынх нь хувьд зайлшгүй харах шаардлага байна.