Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа экспортод гаргасан түүхэн өдрөө тохиолдуулан хөрөнгө оруулалтын гурван том ажлын нээлт хийж, Монгол түмэндээ бэлэг барьсны нэг нь Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах ёслол байв. Энэхүү үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтуяа, уг төслийг “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гүйцэтгэсэн “Монголиан Инвестмент, Корпорэйшн” компанийн удирдлага, хамт олон, уурхайчдын төлөөлөл оролцлоо.
Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөхийн хэрээр уулын ажил нэмэгдэж буй. Тухайлбал, 1979 онд 4.2 сая м3 уулын цул гаргаж байсан бол өдгөө зөвхөн нэг сард 2.6 сая гаруй м3, жилдээ 31 сая м3 уулын цул гаргаж байна. Хөрс болон хүдрийн биетийг буталж, бэлтгэхийн тулд тэсэлгээний ажил хийдэг. 1993 онд Монголд анх удаа Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэтэд барьсан түүхтэй. 13 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулах болсон төдийгүй техник, технологийн хувьд ч зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарсан. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр хүдрийн нөөцөө Жорк стандартаар шинэчлэн тодорхойлоход цаашид 55 жил ажиллах нь баталгаажсан. Мөн Оюут зэрэг ордод хийж буй нарийвчилсан хайгуулын урьдчилсан дүгнэлтээр нөөц нэмэгдэх бодит боломж байгаа зэргийг үндэслэн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барихаар үйлдвэрийн удирдлагууд шийдвэрлэснийг нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулсан юм.
Ашиглалтад хүлээн авч буй шинэ үйлдвэр жилд 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат ажиллагаатай бөгөөд хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 17 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой юм. Үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан үндсэн тоног төхөөрөмжүүд нь дэлхийд нэр хүндтэй NETZSCH, SIEMENS зэрэг брэндийнх байгаа нь чанартай тэсрэх бодис үйлдвэрлэх боломжийг урт хугацаанд хангана гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ил уурхайн дарга Д.Нямдорж: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХАНГАЖ ИРСЭН ИНЖЕНЕРҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА
1993 онд Монголд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах хэлэлцээр хийгдэж байх үед Ерөнхий сайд П.Жасрай гуай “…хонгилын үзүүрт гэрэл аслаа” гэж хэлж байсан юм. Тэр цаг мөчөөс хойш бид 30 жил ажиллажээ. Уул уурхайн үйлдвэрийн амин чухал хэрэгцээт материал нь тэсрэх бодис. Түүний чанар. Тэсрэх бодис үйлдвэрлэнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил. Алдаа гаргах эрх байхгүй. 15 жил ажиллаад технологийн шинэчлэл хийх шаардлагатай байдаг.
Манай Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг инженер, техникийн ажилчид, уурхайчид 30 жил явуулсан. Зогсоох шийдвэр гарсан ч дараагийн үйлдвэр баригдаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүргээ биелүүлсээр байсан. Өнөөдөр бид Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрээ шинээр бариагүй бол худалдан авалтыг гаднаас хийх байлаа. Жилдээ 16.2 тэрбум төгрөгийг гадагш алдах байсан. Хуучин үйлдвэрээ зогсоохгүйгээр дараагийн шинэ үйлдвэртэй залгаж байгаа нь бидний том амжилт юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас шинэ үйлдвэрийн тэсрэх бодисоор үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Тун амжилттай болсон. Өдөрт 100-110 тонн тэсрэх бодис үйлдвэрлэхээр зорин ажлаа эхэлж байгаадаа туйлын баяртай байна.
“МОНГОЛИАН ИНВЕСТМЕНТ, КОРПОРЭЙШН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Г.ОРГИЛ: ОРЧИН ҮЕИЙН ӨНДӨР ТЕХНОЛОГИ БҮХИЙ БҮРЭН АВТОМАТ ҮЙЛДВЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА
-Улс орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болж, нийгэм, эдийн засгийн амьдралыг дээшлүүлэхэд олон арван жил жинтэй хувь нэмэр оруулж ирсэн ууган Манлай үйлдвэрийн түүхэн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгт хамтарч ажилласан нь нэр төрийн хэрэг юм.
Манай компанид “Ковид”-оос үүдэлтэй бэрхшээл хүндрэл байсан ч Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгөөр гүйцэтгэж, Эрдэнэт үйлдвэрийн “төрсөн өдөр”-өөр ашиглалтад хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Биднийг бүх талаар дэмжин ажилласан Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, туслан гүйцэтгэгч дотоодын бусад компанийнханд талархал илэрхийлье.
Жилээс жилд өсөн нэмэгдэж буй Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг хангах, жилд 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шинэчлэл бүхий бүрэн автомат техник хэрэгслээр тоноглогдсон үйлдвэр ашиглалтад орлоо. Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонд баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье.
0 cэтгэгдэлтэй