Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн 2025 оны төсвийн орлого, зарлагыг хэрхэн тооцсон тухайгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Иргэдийн хурлын дарга болон төлөөлөгчдөд танилцууллаа. Тэрбээр, нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.226.4 тэрбум, суурь зарлагыг 3.226.4 тэрбум төгрөг байхаар тооцон нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар баталжээ. Мөн Орон нутгийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тусгажээ.
Төсвийн тухай хуульд, төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасны дагуу Ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан иргэдийн саналыг авахын зэрэгцээ есөн дүүргийн 400 гаруй иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг хийснээ хэллээ. Мөн цахим санал асуулга явуулахад нийт 700 орчим саналыг ирүүлжээ.
Иргэд, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урт цагааны гудамжийг ногоон байгууламж болгох, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэх, явган болон дугуйн зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, орон сууцны дээврийн засвар, цахилгаан шатны засвар арчлалтыг хийх зэрэг саналыг ирүүлсэн байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн 2025 оны төсвөөс иргэдийн дээрх санал, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: НИТХ-ХМТ
0 cэтгэгдэлтэй