Спортын анагаах ухааны чиглэлээр ОХУ-тай хамтарна

newslifemn 2024-09-9

БТСУХ-ны харьяа Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвөөс ОХУ-ын Спортын анагаах ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэгтэй хамтран эмч мэргэжилтнүүд, дасгалжуулагч, тамирчин нарт “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт зохион байгууллаа.

Нээлтэд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга хэлэхдээ, “Монгол Улсад спортын анагаах ухааны салбар үүсэж хөгжөөд 63 жил болж байна. Спортын анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тамирчдад тулгарч буй өвчлөл, бэртэл гэмтэл зэрэгт оношилгоо эмчилгээ, тамирчдын өндөр ачааллын дараах сэргэлтийг сайжруулах талд харилцан туршлага солилцон хамтын ажиллагаагаа улам тэлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сургалтаар өвдөгний урд чагтан холбоосын гэмтэл үүсэхэд түнхний зарим булчингийн хүч болон өвдөгний кинематикийн холбоо хамаарал, барилдааны төрлүүдээр тамирчдыг бэлтгэх зарим чиг хандлагууд, эмнэлэг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, тамирын идэвхтэй дасгалаар хичээллэгч хүүхдүүдийн дундах нурууны сколиоз хэлбэрийн өөрчлөлтийг эрт оношлох, засах сэдвээр илтгэл тавив.

Мөн тамирчдын спортын бэлтгэлийн үед хамт хийгдэх сэтгэл зүйн зарим практик аргууд, дасгалжсан тамирчны Д амин дэмийг спортын төрөлтэй харьцуулан судалсан дүнг танилцуулсан юм.

Энэхүү сургалтад ОХУ-ын Буриад улсын эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Шубин Ярослав Леонидович, ОХУ-ын Эрхүү мужийн эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Губин Дмитрий Георгиевич нарын 26 эмч арга зүйн зөвлөгөө өгсөн юм.