Р.Оюун
Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын найрамдалт харилцааны 64 дэх өдрийн хаалтын арга хэмжээг Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д “Зүрх сэтгэлийг холбосон хөгжим” дуун цэнгүүнийг зохион байгууллаа. Цэнгүүнд дэлхийн дуурийн од Василий Гереллог, Монгол Улсын ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаярын уран бүтээлийн тоглолт багтаж, хоёр үндэстний соёлын нэгдлийг онцолсон “Амьдрал чамдаа хайртай”, “Агшин мөч” дууг эгшиглүүллээ. Энэ арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо”, “Орос, Зөвлөлтийн их, дээд сургууль төгсөгчдийн монгол төгсөгчдийн холбоо”-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч төлөөлөгч Андрей Ивахин “Энэ жил Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон тэмдэглэлт ойнууд мөн тохиолоо. Тухайлбал, 75 жилийн тэртээ Зөвлөлт-Монголын “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсгэн байгуулагдаж, өнөө хүртэл тус улсын тээврийн гол судас хэвээр байсаар байна. Энэ жил бид Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Монгол Улсад атар газар эзэмшиж эхэлсний 65 жилийн ой, Зөвлөлт-Монголын найрамдлын бэлэг тэмдгүүдийн нэг болсон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн Орос улс Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудад ажиллах боловсон хүчнийг их, дээд сургуулиуддаа бэлтгэх боловсрол, соёлын салбарын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ ажлын хүрээнд ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монголд 620 оюутны төсвийн тэтгэлэг олгож байна. Түүнчлэн ОХУ-ын боловсрол шинжлэх ухааны байгууллагуудаас Монгол Улсын ирээдүйн эзэд, оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө хот хөдөөд, 21 аймаг, нийслэлд “Орос хэлний сургалтын танхим”-ыг нээн ажиллуулсаар байна” гэв.
0 cэтгэгдэлтэй