Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.
Тус үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо.
2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Мөн энэ үеэр Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.
0 cэтгэгдэлтэй