Ц.Туваан: “Mining Week 2024” арга хэмжээ хариуцлагатай уул уурхай руу чиглэнэ

newslifemn 2024-09-18

Уул уурхайн долоо хоног, “Mining Week 2024” арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг онцлоод, энэ удаагийн арга хэмжээг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж уул уурхайн салбарын оролцогчдын үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай руу эрчимжүүлэх бодлого баримтлахаа салбарын сайдын зүгээс илэрхийлэв.
2023 оны чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Австрали, БНСУ, Япон, Энэтхэг, Франц, Испани зэрэг дэлхийн 20 гаруй орны 300 гаруй зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 5000 гаруй төлөөлөл оролцож, эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин, хариуцлагатай уул уурхай, компанийн сайн засаглал, нүүрс, газрын тос, өнгөт металл, аж үйлдвэржилт, өндөр технологийн түүхий эд зэрэг сэдвээр 90 гаруй илтгэл, мэдээлэл танилцуулагдаж, тулгамдсан асуудлаар санал солилцсон бол энэ удаа зохион байгуулагчдын зүгээс “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж дэлхийн эрдэс баялгийн салбарын шинэ хандлагууд болох эрчим хүчний ногоон шилжилт, критикалл минералын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан “Уул уурхайн долоо хоног” чуулганыг зохион байгуулна хэмээв.
Мөн манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “Minepro” үзэсгэлэн экспогоор өргөжүүлэн зохион байгуулах гэж буйг тэмдэглэв.
“Алсын хараа 2050” бодлогын хүрээнд ногоон өөрчлөлтийн бодлогыг хэрхэн аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх талаар чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг илэрхийлэв.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: Mining Week арга хэмжээ, Mine Pro үзэсгэлэнгээр өргөжин тэлж буйг онцлон дурдаад, уул уурхайн ханган нийлүүлэлтийн компаниудад үүсэж буй асуудал, ногоон эрчим хүчний шилжилт, чухал ашигт малтмалын талаар шийдвэр гаргах түвшинд анхаарах, олон улсад өрсөлдөх операторуудыг сонгон шалгаруулах, олон улсын уул уурхайн ассоциациудын дугуй ширээний уулзалт зэргийг хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл өгөв.
“Уул уурхайн долоо хоног” чуулганаар 4 хоногийн хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, тэрбум мод, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг бүх талын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээр хөтөлбөрт тусган ажиллаж байгаагаа тэмдэглэв.