Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар зөвшөөрөлгүй ч сургалт явуулж хууль зөрчсөн үү?

newslifemn 2024-09-5

“Эрдэнэт” үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах хүсэлтээ өгсөн боловч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын сургалтад хамрагдаж үнэмлэх авчрахыг шаардсан. Гэтэл нөгөө газар нь сургалт явуулах зөвшөөрөлгүй юм байна хэмээн нэгэн иргэн манай сайтад хандлаа.

Эх сурвалжийн хэлснээр Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар үйлчлэгчийн сургалт явуулна хэмээн “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийжээ. Гэрээний үнийн дүн ч чамгүй их мөнгө сонсогдов. Хамгийн ноцтой нь тус газар нь сургалт явуулах зөвшөөрөлгүй. Аливаа байгууллага мэргэжлийн болон тусгай, мэргэшлийн сургалтуудыг явуулахдаа Боловсролын яамнаас зөвшөөрөл авах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд зохих шалгууруудыг хангаж байж зөвшөөрөл авсны үндсэн дээр сургалт явуулна. Гэтэл Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын зөвшөөрлийн хугацаа 2021 онд дуусч, дахин сунгуулаагүй гэнэ. Тэгсэн атлаа “Эрдэнэт” үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах хүмүүсийг “сургалтад хамруулсан” нэрээр үнэмлэх тарааж буй нь хэтэрсэн үйлдэл бус уу. Нэг удаад 5-10 хүн бүрдэхээр тус газрын Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан, чанарын менежмэнтийн ахлах мэргэжилтэн н.Энхтөр нар очиж сургалт явуулдаг гэнэ. Үүнээс гадна хөдөө орон нутгуудад ч сургалт хийдэг, албан томилолт авч явдаг аж. Байгууллага нь сургалт явуулах зөвшөөрөлгүй, томилолтыг ч зориулалт бусаар зарцуулдаг гэсэн үг. Бас нэг ноцтой зүйл нь, сургалтын төлбөрийг хувийн дансаараа авдаг гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Ж.Тамирын утас холбогдохгүй байсан тул  Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан болон  нарын чанарын менежмэнтийн ахлах мэргэжилтэн, сургалт хариуцсан менежер н.Энхтөртэй холбогдлоо.

Сургалт хариуцсан менежер н.Энхтөр, “Манай байгууллага хувь дансаар нэг ч төгрөг авч байгаагүй. Харин сургалт явуулах зөвшөөрөлгүй гэсний тухайд тайлбар хэлье. Манай сургалтын төв 2017 онд байгуулагдсан цагаасаа хойш цаг тухай бүрт нь сургалт явуулах зөвшөөрлөө сунгуулаад явсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 28-нд хугацаа нь дуусаад 2023 оны 1 дүгээр сарын 05-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл тэндээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтарсан журам гаргаж байгаа гээд түр хойшлуулсан. Ингээд 2024 онд 2 яамны хамтарсан журам шинэчлэгдээд тусгай зөвшөөрөл олгохгүй, харин чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр батлуулаад явна гэсэн хариу өгсөн. Бид сургалтын хөтөлбөрөө 2020 оноос хойш батлуулаад явж байна. Сургалтын шинэчилсэн хөтөлбөрөө батлуулах гээд хүсэлтээ өгсөн байгаа” гэсэн хариу өглөө.