Монгол Улс дотоодын болон импортын давсыг иоджуулан хүнсэнд хэрэглэхийг НҮБ-аас зөвлөлөө

newslifemn 2024-09-4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх, импортын болон дотоодод үйлдвэрлэж буй давсыг иоджуулах асуудлыг хөндөн хэлэлцсэн юм.

Манай улс 1996 онд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлж, улмаар иод дутлын эмгэгийн тархалт 4 дахин буурсан байдаг. Харин энэ асуудал өнөөдөр эргээд сөхөгдөж эхэлснийг НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл хэлж байна. Учир нь сүүлийн жилүүдэд иргэд иоджуулаагүй жамц давс түлхүү хэрэглэдэг болсноос гадна хүн амын ерөнхий хооллолтын дэглэмд өөрчлөлт орсноор иод дутлын эмгэгийн тархалт нэмэгдэх хандлагатай болсон байна. Тиймээс иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлж дотоодын болон импортын давсыг иоджуулан хүнсэнд хэрэглэхийг НҮБ-аас зөвлөлөө.

Иодын дутал хүний оюуны чадамжийг 10-15 хувиар бууруулдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнөөр 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилт тавьсан.

Үүнд давс багтаж байгаа бөгөөд давсыг иоджуулах асуудалд анхаарал хандуулж, цаашид нягт хамтран ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр илэрхийллээ.