Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” өнөөдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Анх 2021 онд Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан. Энэ удаагийн Номын баярын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар болон Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөллүүд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэв.
Зөвхөн үндэсний хэмжээний баяр биш, гадаад улс орнуудаас нэр хүндтэй, алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрдэж байгааг тэрбээр үргэлжлүүлэн онцолсон юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол төрийн түүхийг илтгэх 45.000 гаруй ном, бүтээлийн сан хөмрөг бүхий Парламентын номын санг удахгүй уншигч, олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж буй талаар дурдаад 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийг баталсан хурлын тэмдэглэл, нэрт академич Б.Ринчен гуайн докторын зэрэг хамгаалсан судалгааны бүтээлээс эхлээд түүх, бичиг соёлын хосгүй эх сурвалжууд энд хадгалагдаж буйг тодотголоо.
Жил бүрийн хаврын номын баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд “Шилдэг ном” шагналаар зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбатын “Орчлон хэнээр ч дутаагүй” ном шалгарсан бол “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Непко паблишинг” тодорч, “Шилдэг номын сан” шагналыг Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолборын хамт олонд гардуулав.
Энэ удаагийн Номын баярт оролцохоор Унгар Улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates” агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё нарын хүндэт зочид зорин ирсэн байна.
Өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилгоор номын үзэсгэлэн, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн онцлох бүтээлийн танилцуулгууд болон хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөрүүд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй