Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.15/ хуралдаан 15 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.
Дараа нь “Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зохион байгуулсныг дурдаад уг бага хуралд оролцогчид зөвлөмж баталсан. Уг зөвлөмжид үндэслэж тус Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөл боловсруулсныг дурдлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан стратегийн болон технологийн улаан буудайн нөөц бүрдүүлэлт болон хаврын тариалалтаас өмнө улаан буудайн үнийг зарлах үйл ажиллагааны явц байдалд салбарын яамнаас арга хэмжээ авч буй эсэхийг илүүтэй лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолд жил бүр 100 хүртэлх мянган тонны улаан бууйдайн нөөц бүрдүүлнэ гэж тусгасан. Гурван жилийн хугацаанд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулаад байгааг дурдахын зэрэгцээ, одоогоор 30 орчим мянган тонн хүнсний улаан буудайн нөөцтэй байна. Үүнээс гадна үрийн нөөцийн асуудалд импортоор 5700 тонн үр худалдаж авч байгаа. Өнгөрсөн жилийн намрын ургацаас 2400 тонн үрийг тариаланчдаас худалдаж авсан гэв.
Мөн тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр худалдаж авсан улаан буудайн үнийг 30 хүртэлх хувиар хөнгөлөх асуудлыг тогтоолын төсөлд тусган батлуулсан. Улмаар энэ хүрээнд үрийг хөнгөлж олгохоор болсон. Түүнчлэн өмнө нь наймдугаар сард ургацынхаа балансыг тогтоосны дараа өртөгт тулгуурласан үнэ гаргадаг. Энэ жилийн хувьд жишиг үнийг эрт зарлаж, тариаланчдыг тариалалтаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгсөн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төсөлд Засгийн газраас стратегийн нөөцөд худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг зарлах хугацааг тодорхой болгох, төслийн 5 дахь заалтад тариалангийн салбарт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах зорилгоор даатгалын оновчтой тогтолцоог сонгон нэвтрүүлэх, “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулах гэдэгт ногоочдыг нэмж оруулах санал гаргав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төрийн зүгээс стратегийн хүнсээ нөөцөлдөг, эрсдэлээ хаах асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад хүнсний ногооны урамшууллаас гадна борлуулалтын талбайн асуудлыг тогтоолын төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэсэн саналтай байв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, үр тулгамдсан асуудал болсныг дурдаад төслийн 2 дахь заалтад үрийн аж ахуйн асуудал орхигдсоныг анхааруулсан. Төсөлд улаан буудайн дотоодын хэрэгцээгээ хангаад технологийн болон стратегийн нөөцөө хадгалсны дараа үлдсэн хэсгээ экспортлох асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд гишүүдээс гаргасан саналыг тогтоолд нэмж тусган, “Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталья гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Уг тогтоолын төсөлд Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр нийт тариалангийн талбайн хөрсний үржил шимийн 60 гаруй хувь нь доройтсоны улмаас хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор цулгуй уриншийн эзлэх хувийг үе шаттайгаар бууруулах, ногоон бордуурт уринш, эрдэст, органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх, тэжээлийн болон бусад таримлын оновчтой сэлгээг бий болгох, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах; Монгол Улсын байгаль цаг уур, бүс нутгийн онцлогт тохирсон таримал ургамлын үр үйлдвэрлэх бүтэц, тогтолцоог бий болгоход чиглэгдсэн анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэх, сорт сорилтын төвүүдийг бүсчилэн байгуулах, хянан баталгаажсан баталгаат үрээр тариалалтыг хийх нөхцөлийг бий болгох, технологийн болон стратегийн нөөц бүрдүүлэх; Шинжлэх ухааны байгууллагуудыг түшиглэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ таримлын үр үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх, үр сортыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусасан байв.
Мөн таримлын сэлгээ, нэр төрөлд тохирсон техникийн сонголтыг хийж, механикжуулалтын түвшинг үе шаттайгаар богино хугацаанд хийх нөхцөлийг бүрдүүлэх, тариалангийн салбарт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах зорилгоор даатгалын оновчтой тогтолцоог сонгон нэвтрүүлэх, “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулж эрх зүйн орчныг сайжруулах; Тариалангийн үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүний борлуултыг дэмжих, стандартын шаардлагад нийцсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэхэд хөндлөнгийн хараат бус лаборатороор баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх; Газар тариалангийн салбарын хүний нөөцийн асуудлыг төр, хувийн хэвшлийн түвшинд тасралтгүй бэлтгэх, залгамж халааг бий болгох, давтан сургах, мэргэшүүлэх, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн яам болон тариаланчид, эрдэмтдийн оролцоотой ажлын хэсэг байгуулан улаанбуудайн өртгийн тооцоог гаргаж, улмаар стратегийн нөөцөд худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоон хаврын тариалалтаас өмнө зарлах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байлаа.
Хуралдааны төгсгөлд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлтэй танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй