Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө

newslifemn 2024-04-19

Нийслэлийн ИТХ-аар  түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.

2024 онд шинээр 41.7км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулна. Мөн замын хяналтын камерын нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлж, 4 байршилд төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Одоогоор 5 шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцын ажил 68 хувьтай үргэлжилж байна.

Геологийн төв лаборатори, Гермес худалдааны төвийн ойролцоох нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 04 сарын 20-ны өдөрт багтаан эхлүүлнэ гэж Засаг даргын орлогч О.Номинчимэг хэллээ. Иргэдийн автомашины хэрэглээг бууруулах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөж, цаашид 5 дүүргийн 42 байршлын 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт авч явган зам, тохижилт, авто зогсоол хийх аж.

2020-2024 онд нийт 1102 нийтийн тээврээр  парк шинэчлэлт хийсэн. Парк шинэчлэлттэй уялдуулан засвар үйлчилгээ хийх 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоолын барилгыг Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Мөн 27 сургууль, 48 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2024 онд ашиглалтад оруулна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36,3 хувиар бууруулахаар тооцоолсон. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2024 онд 2650 айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэв.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ