Ж.Батбаясгалан: Монгол Улс аялал жуулчлалын салбараа сурталчлах томоохон арга хэмжээг Токио хотод зохион байгуулна

newslifemn 2024-04-12

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Япон Улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, төлөөлөгч С.Эрдэнэбаяр, Д.Бадарсан болон Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар багтаж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Токио хотын ИТХ-ын дарга Үдагава Сатоши, дэд дарга Масүко Хирокигийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа нар оролцсон юм. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав.