Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн асуудлаар олон улсын болон хүний эрхийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Ажлын хэсгийг миний бие ахлахаар болсон. Ажлын хэсэгт зөвшилцсөнөөр ШЕЗ, ХЭҮК, Эмнести Интернэшнл, ЦЕГ, ТЕГ орж ажиллана.
Гол зорилго нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан гурван шатны шүүхээс ял аваад байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллана.
Нэг жилийн өмнө дээрх хоёр иргэнийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. Үүнээс хойш Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар зөрчигдсөн эрхээ сэргээхээр холбогдох ажлуудыг хийжээ.
Нөхөн төлбөр авахтай холбоотой ажлууд удаашралтай байгаа учраас Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр үндсэн эрхийг баталгаатай хэрэгжүүлэх суурь эрхтэй.
Үндсэн эрхийн нэг болох эрүүдэн шүүлтээс ангид байх, хэрцгий болон хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтыг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн. Мөн эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий харьцаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн үндсэн эрх зөрчигдсөнтэй холбогдуулан Засгийн газраас тодорхой ажлуудыг хийнэ.
Ялангуяа НҮБ-ын Хүний эрхийн хороо болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг дэд хороотой хамтрахаар төлөвлөж байна.
Энэ ажлын хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай биечилсэн уулзалтуудыг хийнэ. Мөн олон улсын шинжээчид, хөндлөнгийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллана. Энэ асуудлыг олон улсад гаргах, цаашдаа Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөхгүй байх дээр анхаарах шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.
Т.Чимгээ иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой мэдээллийг өөрийнх нь хүсэлтээр олон нийтэд мэдээлэх боломжтой. Одоогийн байдлаар гаргасан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл ирсэн.
Цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яагаад эрхийг нь сэргээж, нөхөн төлбөр олгоогүй вэ гэх асуудлыг ажлын хэсэг дээр судалж, мэдээлэл өгнө.
НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод заасан тодорхой үүрэг бол эрх нь зөрчигдсөн, эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдийг бүрэн хохиролгүй болгоход төрөөс үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ Засгийн газар биелүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална.
Нэн тэргүүнд эрүүдэн шүүлтийн хохирогчид болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зөрчигдсөн эрхийг нэн даруй сэргээх, нөхөн төлбөр олгоход анхаарна” гэв.
0 cэтгэгдэлтэй