ДАРХЛАА

newslifemn 2024-04-9

Энэ удаагийн УИХ-аас нэг зүйл анзаарагдаж байна. Нийгэмд шуугиан тарьж буй асуудлаар “ажлын хэсэг” байгуулж, ул мөр, учир шалтгааныг нь тодруулах гээд байх болж. Тэгээд нийтийн сонсгол гэгчийг эхнээсээ хийж үзүүллээ. Зөв бурууг нэг талд шууд шийдэх нь энэ ажлын зорилго биш. Харин бүтээлгийг хуу татаж доор нь юу байсныг ил гаргах зорилготой юм.

Нэг асуудал бий. Ажлын хэсгийг хэн ахлах вэ, бүрэлдэхүүнд нь ямар гишүүд байх вэ гэдэг. Товчхондоо бол “дархлаа сайтай” хүн байх ёстой. Вирусийн халдварыг амархан авчихааргүй хүн гэсэн үг л дээ. Дархлаатай гэдгийн цаана хэд хэдэн шалгуур бий.

✓ Нэгдүгээрт, элдэв хэрэг төвөгт орооцолдоогүй байх. Аалзны торонд хүрэлгүй цэвэрхэн яваад ирсэн түүхтэй улс төрч цөөхөн.

✓ Хоёрдугаарт, зарчмаа тууштай барьж чаддаг байх. Гуйвж дайваад, энд тэнд гишгээд, наана цаана болоод байдаг хүн хэрэггүй.

✓ Гуравдугаарт, төрийн ажлын туршлагатай байх. Сэлэм эргүүлж давхидаггүй, “попроод” орилдоггүй, суурь сайтай “төрийн хар хүн” гэж байдаг даа.

✓ Дөрөвдүгээрт, ашиг сонирхолд автахааргүй байх. Найраанд ордоггүй л гэсэн үг. Үнэт зүйлсийн эрэмбэ дарааг өөрийн явцуу эрх ашгаас дээгүүр тавьж чадах хүн бас цөөхөн.

Удахгүй “ногоон автобус”-ны асуудлаар нийтийн сонсгол болох юм байна. Хянан шалгах түр хорооны Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Гурилын үнийг тойрсон асуудлаар УИХ-аас бас ажлын хэсэг байгуулжээ. Бас л  Жадамбын Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан. Нүүрсний хулгайн асуудлыг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд бас энэ гишүүн ажилласан юм.

Төрд нүүрлэсэн хулгайг вирус гэж үзвэл “дээгүүрээ” цар тахлын хэмжээнд хүрсэн байгааг ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобус, тусгай сангууд гээд олон жишээнээс харж болно. Өөрөө халдвар авсан хүн бусдын вирусийг ярьж чадахгүй шүү дээ. Дархлаа султай хүн бол бас халдвар авах нь амархан. Тиймээс “дархлаа сайтай” хүмүүсээ зөв оношилж, тэдэнд чухал ажил даатгах гэж энэ УИХ  үзэж байна. Нийтийн сонсголыг хэвшүүлэхэд энэ оролдлогууд чухал. Дараа дараагийн парламентууд үргэлжлүүлэх нь дамжиггүй. Энэ ажил өөрөө бас цаашид “дархлаа сайтай” байх хэрэгтэй.