2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, гал гарсан. Осолтой холбогдуулан Дашваанжил компанийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс дүгнэлтээ танилцууллаа.
Хий цэнэглэх станцын өргөтгөлийн барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байсан тул зогсоолоо
УУХҮЯ-ны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж: Гурван яамны хамтарсан шалгалтаар УУХҮЯ-ны зүгээс шингэрүүлсэн шатдаг хийн хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаа явуулж буй Дашваанжил компанийн даралтат савны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд ашиглалтын шалгалт хийлээ.
Тус компанийн хий хадгалах агуулах буюу хий цэнэглэх станц дээр нийт агуулахад газ хадгалах зориулалтын 19 даралтат сав байдаг. Эдгээр савны техник ашиглалтын аюулгүй ажиллагааны байдал шалгалтын үеэр хангагдаж байв. УУХҮЯ-наас улсын хэмжээний шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн төрлийн ААН-ийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны чанарт хяналт хийсэн.
Мөн хий цэнэглэх станцад ашиглагдаж буй хийн түлш хадгалах савны аюулгүй ажиллагаа, зураг төслийг шалгасан. Тухайн даралтат савнууд улсын бүртгэлд байдаг, зөвшөөрөлтэй. Компанид дотоодын болон өдөр тутмын хяналт шалгалт дутмаг зөрчил байсан.
Хий цэнэглэх станцын өргөтгөлийн барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байсан тул зогсоож, зөвшөөрөл авч үргэлжлүүлэх үүрэг даалгаврыг өглөө.
Хийн түлш тээвэрлэдэг бага оврын тээврийн хэрэгслүүдийн баллон ачааны ирмэгтээ шүргэж, зурагдсан, тээврийн хэрэгслүүдийн аюултай ачааны тэмдэглэгээ нь стандарт бус, хурдны хязгаарыг байрлуулаагүй байлаа
ЗХТЯ-ны Салбарын хяналтын газрын авто тээврийн улсын ахлах байцаагч н.Батболд: Дашваанжил компанид ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлын эрсдэлийг шалгалаа. Ингэхэд эрсдэл нь 28.4 хувь буюу бага эрсдэлтэй, хууль сахин мөрдөлт 56.7 хувиар үнэлэгдсэн.
Техникийн үйлчилгээ засварын байр хүрзгүй, хугацаа дууссан галын хортой, тээвэрлэлтийн талаарх мэдээллээ орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр гаргаж өгдөггүй, засвар үйлчилгээний барилгын бохир усны систем эвдэрсэн, аюултай шингэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж, өгдөггүй, засварын байранд тээврийн хэрэгсэл байршуулах тэмдэглээ хийгээгүй, компрессор, өргүүр зэрэг өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй, ажлын байрны технологийн картгүй, техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй, ачааны дагалдах бичиг баримтыг хэрэглэдэггүй зөрчлүүд илэрсэн.
Хийн түлш тээвэрлэдэг бага оврын тээврийн хэрэгслүүдийн баллон ачааны ирмэгтээ шүргэж, зурагдсан, тээврийн хэрэгслүүдийн аюултай ачааны тэмдэглэгээ нь стандарт бус, хурдны хязгаарыг байрлуулаагүй байлаа.
Аюултай ачааны хоёр тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг, дохио нь бүрэн ажиллахгүй байсныг засуулсан. Эдгээр зөрчлийг арилгуулахаар компанийн удирдлагуудад мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгөөд байна.
0 cэтгэгдэлтэй