Н.Мишигдорж: 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй цагдаагийн албан хаагчдийг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

newslifemn 2024-04-4

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гараад байгаа билээ. Тус цагдаагийн албан хаагчид  уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: Цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчтай холбоотой мэдээлэл цахим орчинд гарсан.  Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Улмаар цагдаагийн алба хаагч насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаа илрүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цахим орчинд цагдаагийн байгууллага цагдаадаа хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт явж байна.

Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй.

Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй” гэв.