Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
0 cэтгэгдэлтэй