М.Оюунчимэг: Эрүүл мэндийн салбарт МОНОПОЛЬ тогтсон байна

newslifemn 2024-03-28

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооноос өнөөдөр мэдээлэл өглөө.

Түр хорооны гишүүн М.Оюунчимэг “Эмийн салбарт монополь тогтож, ноцтой асуудал байгаа нь аудитын дүгнэлт, Азийн Хөгжлийн Банкнаас хийсэн судалгаанаас тодорхой харагдсан.

Үүнээс гадна Эмийн агентлаг байх ёстойг салбараас нь гаргаад төрөөс бодлого гаргаж, иргэдийг чанартай, хямд эмээр хангахаар ЭМДС-ын санхүүжилтийг нэг их наядаас давтал биелүүлсэн. Гэтэл уг санхүүжилтийн дийлэнх нь эмнэлгийн ор болон эмд зарцуулагдаж байна.  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 19% нь зарцуулагддаг.

Өнөөдрийн байдлаар манай улсын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлдэж байгаа ч эмийн 70-80% нь импортоор орж ирдэг. Импортын эмийг аль улсаас, ямар компани оруулж ирж буй нь ил тод биш.

Нэг эм аваад долоо хоногийн дараа дахин авахад үйлчлэл нь муу, хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй байгааг иргэд хэлж байна.

Эмийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, импортлогч, эмийн агентлаг, ЭМЯ, гаалийн байгууллага хооронд мэдээллээ солилцох нэгдсэн систем алга.

ЭМЯ, гаалийн байгууллага, эмийн агентлагаас авсан мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас цаг хугацаа их авч буйг шинжээчид ярьж байв.

Эм ханган нийлүүлэгч томоохон 3-4 компани жижиглэнгийн худалдаа хийж байгаагаас үнэ буурахгүй байна. Тэд жижиглэнгийн худалдаа хийх ёсгүй. Уг нь эмийн зах зээлд 200-300 орчим компани бизнес хийхээр лиценз авсан байгаа юм. Эмийг шинжлэх манай улсын ганц лаборатори нь чанарын шаардлага хангахгүй болсон. Одоо хувийн буюу Моносын лаборатори л байна.