Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд зэвсэгт халдлага гарсныг Исламын Улс бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн билээ.
Энэ үеэр олон арван хүн буудуулж алагдсанаас гадна байгууламжид гал түймэр гарч, дээвэр нь нурсан юм.
Тэгвэл дөнгөж сая Оросын Мөрдөн Байцаах Товчоо халдлагын үеэр амиа алдсан хүний тоо 93 хүрсэн, энэ тоо цаашдаа өсөхөөр байгааг мэдээлжээ. Бас 140 гаруй хүн шархдаж, эмнэлгийн тусламж авсныг мэдээлсэн байна.
Халдлага гарсан концертын танхим нь 6,000 хүний суудалтай юм. Оросын сошиал орчинд эмх замбараагүй гүйлдэж буй хүмүүс, газарт хөдөлгөөнгүй хэвтэх хүмүүсийн дүрс бичлэгүүд цацагдаж байна.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм том хэмжээний зэвсэгт халдлага гарч байгаагүй юм. Гэхдээ энэ сарын эхээр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам зэвсэгт халдлага гарч болзошгүй тул өөрийн иргэдийг Оросын нийслэлийн олон хүн цугларсан газруудаас хол байхыг анхааруулж байжээ. Өрнөдийн өөр хэд хэдэн улсын элчин сайд нар ижил анхааруулга гаргаж байсан аж.
2000-аад оны эхээр Оросын арми Чеченийн салан тусгаарлагчидтай дайтаж байх үед тус улсад зэвсэгт халдлагууд байнга гардаг байсан. Тухайлбал 2002 оны аравдугаар сард Чеченийн зэвсэгт этгээдүүд Москвагийн театрт 800 орчим хүнийг барьцаалж байжээ. Хоёр өдрийн дараа Оросын тусгай хүчнийхэн театрыг эзлэх үеэр барьцааны 129 хүн, Чеченийн 41 дайчин алагдаж байв. Тэдний ихэнх нь Оросын тусгай хүчнийхний хэрэглэсэн хорт утааны улмаас амь үрэгдсэн юм. 2004 онд өмнөд Оросын Беслан хотын сургуулийг Чеченийн 30 орчим зэвсэгт этгээд барьцаалахад 330 орчим хүн алагдсаны тал нь хүүхдүүд байжээ.
Өчигдрийн халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ сүүлд хүлээсэн байна. Халдлага үйлдсэн гишүүд нь даалгавраа биелүүлсний дараа “бааз руугаа аюулгүй буцсан” тухай Телеграм сүлжээнд нийтлэгдсэн дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
ОХУ-ын Үндэсний Гвардийн цэргүүд хэргийн газарт ажиллаж, халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлцгээжээ.
0 cэтгэгдэлтэй