Х.Эрдэнэбилэг: Зарим иргэд суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна

newslifemn 2024-03-13

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлагдсан. Уг журмын хэрэгжилтийг хангахаар гуравдугаар сарын 9, 10-ны өдөр хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ийнхүү хоёр өдрийн турш Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 3051 малыг илрүүлэн хашаалж, эздэд нь хүлээлгэн өгсөн. Уг арга хэмжээний дүнд хориглосон бүс малгүй болж, иргэд малаа хориглосон бүс рүү дахин оруулахгүй байгаа хэдий ч зарим иргэд малаа удаа дараа оруулан, журам зөрчиж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн Дашпунцагийн Баярсайханы эзэмшлийн 305, Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Баяраагийн 172, Б.Төмөрчөдөрийн 120, Б.Дондогдоржийн 300, Д.Жанчивын 200, Чингэлтэй дүүргийн иргэн Д.Пропуск, Ш.Хүдэрчулуун нарын нийт 120 адуу удаа дараа мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд бэлчиж байгаа юм.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Дээрх иргэд олон тооны адууг хориглосон бүс рүү удаа дараа оруулж байгаа тул цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ аван ажиллаж байгаа. Арга хэмжээ авч байгаа хэдий ч уг үйлдлээ дахин дахин давтаж байна. Олон тооны мал суурьшлын бүсэд бэлчсэнээр хотын иргэдэд эрсдэл, хүндрэл учруулж байгаа. Иймд мал бүхий иргэд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, хууль, журмаа сахин биелүүлж, хориглосон бүс рүү мал оруулахгүй байхад анхаарна уу” гэв.

Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС