Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой

newslifemn 2024-03-12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан баруун, хойд, хангайн, зүүн, говийн, төвийн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү хамгийн сүүлийн бүс болох хот орчмын бүсийн хөгжлийн асуудлаар “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

Зөвхөн Улаанбаатар хотыг бус хотын ойр ормын бүс нутгуудтай хэрхэн холбогдож, хөгжих боломжтой вэ гэдгийг хэлэлцэх юм. Харин өнөөдөр түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг хороо, дүүргийн түвшнээс эхлэн хэлэлцэнэ. Өмнө нь хүн амын тоо өсөх тусам хорооны тоог нэмдэг байсан.

Гэвч хорооны тоог нэмлээ гээд асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс бүсчилсэн байдлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийж, хотыг 42 хэсэгт хуваан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаар хотод тулгамдаад буй олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа” гэв.

Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 187 мянга байсан бол өдгөө 283 мянгад хүрээд байна. Дөрвөн жилийн дотор хүн амын тоо нь эрчимтэй өсөж байгаа тус дүүрэгт Яармаг төвийг байгуулах тухай хэлэлцлээ. Яармаг төвд Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны 30,754 хүн оршин сууж байна. Гэвч хороо, ӨЭМТ, цагдаагийн хэлтсийн 132 төрийн албан хаагч тус дүүргийн 30 мянга гаруй хүнд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Уулзалтад оролцсон Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс анхан шатны нэгж буюу хорооны Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг шууд, шуурхай хүргэх боломжийг олгох, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчилж, бүсчилсэн хөгжлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй хэмээх саналыг илэрхийлж байлаа.

энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолж байлаа.