Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүй арилждаг боллоо

newslifemn 2024-01-18

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын 3.2 “Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах, дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэх” хүрээнд мал, махны арилжааг биржээр амжилттай эхлүүллээ.

Мөн Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон ба захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүллээ.

Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжийг, үйлдвэр худалдан авагчдад нэг дороос бөөн худалдан авалт хийх, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Өнөөдрийн арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож нийт 238,7 сая төгрөгийн арилжаа явагдлаа.

Үүнд: 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжигдсан байна. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдах юм.