Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Налайх дүүргийн аж үйлдвэрийн парк 2019 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар гурван аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж, найман аж ахуйн нэгжийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80-90 хувьтай үргэлжлэн, 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгөөд байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ онд багтаан эхлүүлэхийн тулд цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн 50 га талбайд хөнгөн үйлдвэрлэл, 60 га талбайд хүнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ. Нэг аж ахуйн нэгж үйлдвэр, цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Тухайн аж ахуйн нэгжийн зүгээс станцын барилгын ажил эхэлмэгц 20 мВт хүчин чадлыг Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд нийлүүлэх саналтай байгаа аж. Үүний тулд эрчим хүч дамжуулах 4.7 км шугамын төсвийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн гол агуулга нь төрийн зүгээс үйлдвэр, технологийн паркийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж, татварын таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн онд нийслэлээс Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркийн эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Цаашид цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг шийдэхээр тус паркийн удирдлагуудтай ярилцлаа. Мөн Багахангай дүүргийн аж үйлдвэрийн паркаас Улаанбаатар хотод нийлүүлэх эрчим хүчийг холбох агаарын шугамын төсвийг нийслэлээс шийдэж өгнө гэв.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн төсөл нь Сонгинохайрхан дүүргийн 32, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 539 га газрыг хамрах бөгөөд хөнгөн үйлдвэрлэл, худалдааны төв, газар тариалан, тээвэр логистик, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх юм. Одоогоор тус паркийн хамгаалалтын бүсийн бүтээн байгуулалт бүрэн дуусжээ. Мөн паркийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар:
-Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн орчимд хөрс, усны бохирдол ихээр үүсэж, энэ тухай гомдол санал 11-11 төв дээр тасралтгүй ирж байгаа. Тиймээс тухайн үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлж, дан ганц арьс ширний үйлдвэрлэл бус хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлэхээр зорьж байна. Мөн Эмээлт орчимд мал нядалгааг үйлдвэрийн аргаар бус гар аргаар хийж байгаагаас үүдэн арьс шир үнэгүйдэж, дахин ашиглаж боломжгүй болж байгаа. Энэ бүх асуудлыг цэгцлэхэд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төсөл чухал ач холбогдолтой гэв.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дэлхийн банкны зүгээс арьс ширний үйлдвэрлэл байгуулах боломжтой байршлуудад судалгаа хийхэд эдийн засгийн үр өгөөж болон бусад бүх талаараа Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн байршил чухал ач холбогдолтой гэх дүгнэлтийг гаргажээ. Одоогоор паркийн зүгээс “Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх болон нүүсний дараах дахин төлөвлөлтийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” чиглэлээр Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 cэтгэгдэлтэй