Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ “хамгаалах” бодлого барин ажиллана

newslifemn 2023-12-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах, экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр тэргүүтэй “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар баялаг бүтээгчид мал аж ахуй, газар тариалан, хүнс, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцлов. Мөн цаашид үйлдвэрлэлийг хөгжүүлэх, борлуултыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг, шинэчлэл нэн чухал байгааг хуралд оролцогчид дурдлаа.

Энэ жил дотоодын хэрэгцээний 85-100 хувийг хангах төмс, хүнсний ногоо хураан авсан. Хэдийгээр импортыг орлох нэмүү өртөг шингэсэн дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлж байгаа ч ижил төрлийн импортын бүтээгдэхүүн худалдан авахад манай улс жилдээ дунджаар нэг тэрбум ам.доллар зарцуулж байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хүнд цохилтод оруулдаг.
Гадаад улсаас оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд тавих импортын гаалийн татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдээ төрийн бодлогоор хамгаалуулах хүсэлтэй байгаагаа хуралд оролцогчид илэрхийллээ. Ингэснээр гадаад руу чиглэх валютын урсгал багасч, төгрөгийн ханш чангарах сайн талтайг тэд онцлов.

Салбарын сайд Х.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо үйлдвэрлэдэг 19 нэр төрлийн буюу задалбал 40 гаруй хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн дагуу 2-3 жилд үе шаттайгаар 5-20 хувь хүртэл нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ “хамгаалах” бодлого барин ажиллахаа мэдэгдэв. Ингэснээр Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоол амьдрал дээр хэрэгжих боломж бүрдэнэ.