Ч.Даваабаяр: Дэлхийн хүнсний боломж хүн төрөлхтнийг тэжээх боломжоо алдаж эхэлсэн

newslifemn 2023-11-22

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган болж байна. Форумын гурав дахь өдөр “Хүн амын эрүүл, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүнсний системийн тэсвэртэй байдал” сэдвээр үргэлжиллээ. Энэ үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр,  Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлын нэг бол дэлхийн хоол хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хүн амын хоол тэжээлийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх юм. Учир нь дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд хүн төрөлхтөн хүнс, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол буюу өлсгөлөнд орно гэж үздэг. Тэгвэл 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Дэлхийн хүнсний боломж хүн төрөлхтнийг тэжээх боломжоо алдаж эхэлсэн гэсэн үг. Үүн дээр нэмээд цар тахлын улмаас нүүрлэсэн эдийн засгийн хямрал, ОХУ Украины дайн, худалдааны болон гео политикийн зөрчилдөөн,усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр ложистикийн доголдол зэрэг нь үр тариа, бордоо, наран цэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн хомсдолд хүчтэй нөлөөлсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг Улсын Их Хурал, Засгийн газарт анхааруулснаар УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, УИХ-ын Түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолууд гарсан. Дээрх тогтоолуудын хүрээнд УИХ-ын 4 байнгын хороо, төрийн 35 байгууллага, нийслэлийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, 36-р тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ дүгнэлт хийх ажлын хэсгүүд, салбарын эрдэмтэн судлаачдын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбоодоос бүрдсэн “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллага, зээл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх системийн банкууд зэрэг төр хувийн хэвшлийн хамтарсан аппарат ажиллаж байна” хэмээн дурдлаа.