НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаторийн 109,423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9,326 тохиолдолд оношлогджээ. Нийт үзлэгийн 8.5 хувь. Энэ нь өнгөрсөн 48 долоо хоногтой харьцуулахад ихэссэн байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.
ХӨСҮТ-өөс мэдээлснээр сүүлийн долоо хоногт томуугийн тархалт алаг цоог буюу улбар шар түвшинд шилжлээ. Нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрлээ.
Эмнэлгүүдийн орны ачаалал тасралтгүй нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 2,263 орон дээр томуугаар өвдсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна.
Нийслэлийн харьяа байгууллагууд 1,376, ЭМЯ болон бусад яамны харьяа эмнэлгүүд 887 ор дэлгээд байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн 1,213 ор нэмэгдүүллээ.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Ажлын өдөр 17:00-21:00, Бямба гарагт 12-18 цаг хүртэл ажиллаж байгаа.
Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, Ням гарагт 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна.
Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 3,661 дуудлага ирсний 50.1% нь томуугийн дуудлага байна.
Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхдээ тэвэрч очсоноор эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг зөвлөе” гэв.
0 cэтгэгдэлтэй