ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж, ШТС-ийн гадна урт дараалал үүсээд байна. Энэ асуудалтай холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ.
Тэрбээр “Үүсээд байгаа асуудлын талаар товч мэдээлэл хийе. Өнөөдрийн байдлаар дизель түлш, бензиний нөөц хангалттай байна. Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан. Тус тогтоол нь ОХУ-аас арилжааны дизель түлш, бензин экспортлохыг түр хугацаанд хориглох тухай юм. Уг тогтоолын гол агуулга нь, тодорхой нэр төрлийн дизель түлш болоод автобензиний экспортод хориг тавьсан талаар. Гэхдээ манай импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй байх гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг бид тодруулж байна. Харин АИ 92 болон АИ 95 авто бензин энэ хоригт орсон.
ОХУ дотооддоо евро таван ангиллын автобензин хэрэглэж байгаа. Манай хэрэглэж байгаа нь евро 2. Тиймээс манай улс руу гаргаж байгаа автобензин тус тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг ойрын хоёр хоногт багтааж олон нийтэд мэдээлнэ. Түүнчлэн тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол тус хязгаарлалтад хамаарахгүй гэх өгүүлбэр бий. Манай хоёр улсад дээрх агуулга бүхий гэрээ байгаа. Тиймээс гэрээний хүрээнд тус улстай ярилцана.
Гуравдугаар сараас эхлээд ОХУ-д дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн. Үнийг нь буулгах арга хэмжээг ОХУ авсан. Улмаар өчигдрийн тогтоолыг гаргасан. Оросын шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гадаад зах заалд гаргах сонирхолтой. Тиймээс хойд хөрш дотоод асуудлаа шийдвэрлэхийн тулд энэ шийдвэрийг гаргалаа гэж ойлгож байна.
Роснефт компанитай бид олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны есдүгээр сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүр түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй