Нийслэлийн Нийтийн тээврийн газрын цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулга, мэдээлэл өгсөн юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 205 автобус орж ирсэн байна. Харин энэ онд 465 тээврийн хэрэгслийг насжилтаар нь үйлчилгээнээс хасах аж. Сүүлийн 4 жилд нийт 470 автобусаар парк шинэчлэлт хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс 600 автобус худалдан авах тендер зарлана гэлээ. Мөн стандартын шаардлага хангасан дулаан автобусны зогсоол байгуулж, богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийн хүрээнд 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгслийг зорчуулах бөгөөд үндсэн гол гудамж замуудад 2 минутын интерваль, бусад чиглэлд 10-15 минутын интервальтай байхаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана” гэдгийг хэлж байлаа.
Харин Хотын дарга Х.Нямбаатар хуучин ногоон автобуснаас нэг нь ч үйлчилгээнд яваагүй, тендерийг цуцалсан. Тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна. Ирэх арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ, ажлын зураг, төсвийн нээлттэй тендерийг олон улсад зарлана гэж хэлсэн юм.
0 cэтгэгдэлтэй