Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанаар бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэгтэй холбоотой нөлөөллийн болон бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба: Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Гэхдээ тодорхой хугацаанд аян зарлаад өнгөрөх биш хууль эрх зүйн дэмжлэг, мэдээлэл олгох чиглэлийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа гэв.
Мөн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой шалтгааныг судлахад ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй тохиолдол өндөр байна. Тиймээс архинд донтсон иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх, энэ чиглэлээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар цагдаагийн байгууллага онцолсон юм. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд эрсдэлтэй хэсгүүдэд тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх, камержуулалтыг сайжруулах талаар саналаа хэлэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням “…Энэ төрлийн гэмт хэрэг мансууруулах бодисын хор уршиг, үр дагаварыг талаар ойлголт мэдлэггүйн улмаас, бусдыг даган дуурайх сониуч зандаа хөтлөгдөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чадахгүй байгаа нь нөлөөлж байна. Иймд хүүхдийг урлаг, спорт болон бусад хөгжлийн хөтөлбөрөөр хичээллэх, цаг заваа зарцуулах боломж нөхцөлийг хүртээмжтэй бий болгох ёстой…” гэлээ.
0 cэтгэгдэлтэй