Улсын нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэдээ Та бүхэндээ нийслэл хотын 384 жилийн ой, нийслэлийн өдрийн мэндийг дэвшүүлье.
Эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүх, өв, соёл, уламжлалаа тээсээр өнөөдрийг хүртлэх дөрвөн зууны түүхийг бичиж байна. Үүссэн цагаасаа хойш Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын төв байсаар ирсэн нийслэл хот маань улам бүр өргөжин тэлж байгаа бөгөөд энэ хөгжил дэвшилд нийслэлийн иргэдийн маань санал санаачилга, хувь нэмэр, оролцоо хамгийн чухал байсаар ирснийг хэлэхэд таатай байна. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн Өргөө байгуулан өгснөөс хойших нийслэл хот олон удаа нүүдэллэж, суурьшиж газар орон, нэрээ сольж байсан түүхтэй. Улс төр, эдийн засгийн геополитик, зам харилцаа, цаг уурын олон шалтгааны улмаас нийслэл хот маань нүүдэллэн, төвхнөж байсан үйл явц бүхэн түүх өгүүлдэг. Цагийн байдлаа даган буурь сэлгэн, бууж суурьшсаар Богд хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө улсынхаа нийслэлийг байгуулсан тэр үйл явцыг өнөөгийн бид, хойч үеийнхэндээ өвлүүлэн мэдүүлж, сурталчлан таниулах ёстой. Өв уламжлалаа таниулах, үр хойчдоо өвлүүлэх, хадгалуулах, хамгаалуулах зорилгын үүднээс бид жил бүр Нийслэлийн шав тавьсан дурсгалт газар болох “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, сүлдэд хуураа цэнгүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ бол Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ “түүхээ умартах ёсгүй”-г сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм. Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе.
Иргэн бүр, өрх болгон, албан байгууллага, аж ахуйн нэгж тутмын аж үйлс нь өөдөө байж, хөгжин дэвшиж, амьдралд нь аз жаргал, инээд баясал, бялхаж байх болтугай.
Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ
0 cэтгэгдэлтэй