Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ болж өнгөрлөө. Таван өдөр чуулсан тус арга хэмжээнд 5000 гаруй оролцогчид оролцлоо.
Тус чуулга уулзалтын үеэр манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харагдаж байлаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбаруудад нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбар тэр дундаа худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү болон тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байна.
Статистик үзүүлэлтээр, 1990-2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14,836 компани байгуулагдан нийт 39.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “Энэ жил олон орны төлөөлөгчид иржээ. Хамгийн гол нь, Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэж байгаа. Уг хуулинд тодорхой өөрчлөлт орж буй. Бид хариуцлагатай, иргэдийн оролцоог хангасан, ил тод уул уурхайг Монгол Улсын Засгийн газар хүсэж байна. Хуулийн шаардлага хангасан, нөхөн сэргээлтээ хийдэг, орон нутагтаа үр өгөөжтэй уул уурхайг Засгийн газар бүрэн дэмжинэ. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаа ашиглуулж байгаа орон нутгийг бүрэн дэмжинэ” гэсэн юм.
Хайгуулын ажилд энэ жил 3 тэрбум төгрөгийн олон улсын тендер зарлаж, “Xcallibur” компани шалгарсан. Харин ирэх жил тандан судалгааны чиглэлд 40 тэрбумын нээлттэй тендерийг олон улсад зарлах юм байна.
0 cэтгэгдэлтэй