Ж.Ганбаатар: Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална

newslifemn 2023-10-10

“Mining week 2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ энэ сарын 9-13-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.
Чуулганы хоёр дахь өдөр Геологийн суурь судалгаа, ашигт малтмал, хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олголт болон хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хоёр танхимд хурал явагдана.
Их танхимын хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр тавилаа.
Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж, Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлж, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг сайд илтгэлдээ онцоллоо.
Үүний дараа Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга чуулганы оролцогчдод танилцууллаа. Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон бий. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж ойр байна гэдийг онцлов.
Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Иймд геологи хайгуулын салбарт далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхээр салбар яам ажиллаж байна.