Геологийн хайгуулын ажилд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг 40 тэрбум төгрөгт хүргэнэ

newslifemn 2023-10-10

Уул уурхайн салбарын хөгжил дэвшил ямар байх нь геологи хайгуулын ажил ямар хэмжээнд хөгжсөнөөс ихээхэн хамаарна. Тиймээс геологийн тандан судалгааны ажилд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэхээр болсон талаар  “Mongolian Mining week 2023” чуулганы үеэр онцолж байлаа.

Манай улсын эдийн засаг, экспортын тэргүүлэх салбар бол уул уурхай. Өнөөдөр идэвхитэй явуулж байгаа уул уурхайн олборлолт нь 20-40 жилийн өмнөх геологи хайгуулын ажлын үр дүн. Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын салбарт  нарийвчилсан судалгаа хийгдээгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр анхаарч ажиллах болсон талаар салбарынхан хөндөж байна.

“Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээний зочин илтгэгч Роберт Фрийдланд:  “Монгол Улсад зэсийн томоохон ордууд ажиллаж байна. Цаашид геологи хайгуулын ажлыг эрчимжүүлснээр  зэсийн салбарт том тоглогч болох боломж бий. Миний хувьд Оюутолгойн нөөцийг баталгаажуулахад гар бие оролцсон. Монголын говьд Оюутолгой шиг олон орд бий гэдэгт итгэлтэй байдаг” гэсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: “Хайгуулын ажлын чиглэлээр энэ жил манайх 3 тэрбум төгрөгийн олон улсын тендэр зарласан. Энэ тендэрт дэлхийн томоохон геофизикийн компани шалгарсан. Олон улсын шаардлага хангасан датаг хайгуулын салбарынханд өгөх гэж байна.  Энэ онд 3 тэрбум төгрөгийн олон улсын тендэрийг зарласан бол ирэх жил 40 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан” гэв.

Засгийн газраас геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой  бодлого чиглэл гаргаж ажиллаж эхэлсэн.  Үндэсний геологийн албыг байгуулсан, төсвийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа талаар салбарын сайд хэлж байлаа.