Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК) өнөөдөр (2023.07.24) хуралдаж, Улаанбаатар хотод өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хороодын Засаг дарга нарын мэдээлэл мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
ДОК-ын хурлыг дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, ДОК-ын дарга Д.Жаргалсүрэн удирдан явуулсан бөгөөд ДОК-ын гишүүд болон 34 хорооны Засаг дарга нар оролцлоо.
Улаанбаатар хотод өчигдөр орсон борооны улмаас дүүргийн 15 хорооны 45 байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор ДОК-оос шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан. Баянгол дүүргийн хувьд байшин хороолол ихтэй. Иймд ДОК-ын Шуурхай утсанд өчигдөр,
- Байрны подвалд ус орсон гэх-29
- Авто машин усанд автсан гэх-13
- Хоёр хорооны 6 байршилд тог цахилгаан тасарсан
- Мөн Чингүнжавын хөшөөнөөс 25-р эмийн сан руу уруудах авто зам эвдэрсэн
- 3-р хороо “Монос” эмийн сангийн хажууд явган хүний зам эвдэрсэн гэх зэрэг дуудлагууд ирсэн байна.
Иймд ДОК-ын 8, Нийслэлийн замын хөгжлийн газрын 3, хороодын ажлын албаны 170, Онцгой байдлын хэлтсийн 19, Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын 15, Замын цагдаагийн хэлтсийн 6 гээд нийт 266 албан хаагч, 50 автомашин техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь очиж ажиллалаа. Мөн ДОК-оос 3 хово машин элсийг шаардлагатай газар байршлуудад тараасан юм.
Хурлын үеэр нөхцөл байдал хүндэрсэн хороодын Засаг дарга өчигдөр орсон борооны улмаас үүсэн асуудлууд болон зайлшгүй авч хэрэгжүүлэх ажлын талаар саналуудаа хэлсэн. Ингэхдээ,
Зарим СӨХ-д байрны гараашийн давхарт ус ороод байхад хариуцлагагүй хандсан
- 2-р хороонд байрлах үерийн далангийн хавтан нурсан
- Зарим байрны дээврээс ус гоожсон, шал цөмөрсөн
- Үерийн улмаас газар доор булсан кабелын утаснууд их хэмжээгээр ил гарч ирсэн гэх зэрэг мэдээллийг өглөө.
Үүнтэй холбоотойгоор ДОК-ын дарга холбогдох алба хэлтэс болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарт үүргээ биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй СӨХ-дод мэдэгдэл хүргүүлэх зэргээр чиг үүргийнхээ хүрээнд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн усанд автсан байрны СӨХ-д өөрсдийн хөрөнгөөр ариутгал халдваргүйтгэл хийнэ. Дүүргийн зүгээс цаашид гарч болох эрсдэлээс сэргийлж дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд ариутгалын бодис, хувцас хэрэгслээр хангах боломжтой. Мөн дүүрэг дотоод нөөц боломждоо тулгуурлан ус соруулах насос буюу помп авах тул B1 давхрын усаа соруулж дуусаагүй хороод авч үлдсэн усаа соруулах зэргээр ашиглах боломжтой. Мөн хороодод шуудайтай элс өгөх учраас үерийн ус орж ирэх эрсдэл өндөртэй газрууддаа далан босгож, үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаарай гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй