Япон улсын Шизоука муж, Шимада хоттой Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

newslifemn 2023-08-9

Баянгол дүүрэг, Япон улсын Шизоука муж, Шимада хоттой 2019 оноос эхлэн харилцаа холбоо тогтоож, зарим чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр (2023.08.09) Шимада хотын Аялал жуулчлал, Соёлын газрын Соёл сурталчлах хэлтсийн мэргэжилтэн Касей сан болон сайн дурын ажилтан, орчуулагч Н.Мөнхбат нар Баянгол дүүрэгт зочилсон бөгөөд дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Япон улсын соёл, хөгжил, боловсролын салбарын ололт, амжилтаас туршлага судлах, Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтран ажиллах талаар тодорхой саналууд солилцсон юм.

Баянгол дүүрэг нь Шимада хоттой 2019 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус хотын найрсаг иргэд болон Хотын захиргааны албан хаагчдын дэмжлэг, сайн дурын үндсэн дээр “Сурагчийн цүнх” хандивлах үйл ажиллагааг 5 дахь жилдээ зохион байгуулж, Шимада хотын иргэдээс хандивласан нийт 2,332 цүнхийг эрдмийн их далайд суралцахаар сургуульд элсэн суралцаж буй бяцхан хүүхдүүддээ хүлээлгэн өгсөн юм.

“Сурагчийн цүнх” хандивлах энэхүү сайн дурын үйл ажиллагаа нь нийгмийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхэд багачуудад эх дэлхийгээ хайрлаж, тогтвортой хөгжлийн зорилгын төлөө хамтдаа хичээн зүтгэх боломжтойг харуулсан үйл хэрэг болж байгаад Баянгол дүүргээс талархалтайгаар хүлээн авч, дэмжин ажилласаар ирсэн билээ.