Д.Жаргалсайхан: Чөлөөлсөн газарт явган зам зэрэг тохижилтын ажил хийх саналаа холбогдох газарт хүргүүлнэ 

newslifemn 2023-08-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэл, дүүргийн Удирдлагууд 2023 оны зургадугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэгт ирж ажилласан.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн удирдлагууд Хотын даргад хэд хэдэн санал уламжилсан бөгөөд үүний нэг нь Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэх тухай хүсэлт байсан ба дээрх замыг 2013 оноос хойш огт засварлаагүй юм.

Хотын дарга дүүргийн удирдлагуудын тавьсан дээрх хүсэлтийг хүлээн авч улмаар наймдугаар сарын 19-нөөс 22-ны  өдрүүдэд Нийслэлийн замын хөгжлийн газраас авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус авто замыг хааж, хучилт хийлээ.

Ингэхдээ суулт үүссэн автозамын хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан юм.

Тэгвэл өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн холбогдох албаныхантай хамт дүүргийн 16-р хороонд ажиллалаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэлийн ажилтай танилцахын зэрэгцээ ойр орчимд хийх явган хүний зам болон орчны тохижилтын ажлын талаар 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныхантай санал солилцлоо.

Энэ үеэр иргэд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийд байрладаг энэ газарт сүсэгтэн олон болон жуулчид их ирдэг. Гэвч Гандан руу өгсөж ордог авто замыг засаагүй удсанаас эвдрэл ихээр үүссэн, хүндрэлтэй байсан. Харин замыг зассанаар явган болон авто машинтай иргэд зорчиход хүндрэлгүй, сайхан болсон байна гэдгийг хэлж байсан юм.

Мөн энэ үеэр тус хороонд байрлах Нийслэлийн 266 цэцэрлэгийн урд талд тохижилт хийхээр болсон  бөгөөд гүйцэтгэгч компанитай уулзаж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дээрх яаралтай дуусгах шаардлагатай байна гэсэн.

Түүнчлэн өчигдөр Гандантэгчинлэн хийдийн баруун тал буюу “Макс малл” их дэлгүүрээс дээш өгсөх замд байрлах автобусны буудал орчимд байрлуулсан 10 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын орлогч дээрх чөлөөлсөн газарт явган зам зэрэг тохижилтын ажил хийх саналаа холбогдох газарт хүргүүлнэ гэсэн юм. Мөн 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныханд явган хүний зам дагуух цөмөрсөн газрыг хариуцсан холбогдох газарт нь яаралтай хэлж, аюулгүй болгох шаардлагатай байгааг онцоллоо.