Н.Баярчимэг: Төр хувийн хэвшил хамтран ажилласнаар  гүйцэтгэлийн чанар сайжирч, төсвийн дарамт багасна

newslifemn 2023-08-23

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 340 дүгээр тогтоол баталсан. Тодруулбал, тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр, мөн төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Смарт кар төсөл”-ийн сонгон шалгаруулалтад шалгарсан гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал тээврийн тухай торгууль, хураамж зэрэг мэдээллийг цахимаар авах боломжтой “Смарт кар” системийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгах үүднээс цаашид хөгжүүлэх ажлыг Аствишн ХХК гүйцэтгэхээр болжээ.

Аствишн ХХК нь 2013 оноос хойш 11-11 төв, ТҮЦ машин, agaar.mn, E-mongolia, gaali.mn зэрэг системүүдийг хөгжүүлж ажилласан байна.

Харин цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшил 10 жилийн хугацаанд өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “Смарт кар” нэгдсэн систем, аппликейшн хөгжүүлэлт, менежментийг хийж гүйцэтгэх аж.

Төслийг хэрэгжүүлэгч компани эхний ээлжинд 7 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

✅ Тээврийн хэрэгслийн татвар, хураамж төлөх үйлчилгээ
✅ Тээврийн хэрэгслийн торгууль төлөх үйлчилгээ
✅ Албан журмын даатгалын үйлчилгээ
✅ Тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ
✅ Тээврийн хэрэгслийн түүх, бүртгэлийн мэдээлэл харах үйлчилгээ
✅ Тээврийн хэрэгслийн ачилт, буулгалтын мэдээлэл харах, түүнтэй холбоотой торгуулийн төлбөр төлөх үйлчилгээ
✅ Бусад тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэмэлт үйлчилгээг гүйцэтгэнэ.
Уг төсөл Улаанбаатар хотын зүгээс мэдээллийн технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн шинэлэг арга, хэлбэрээр програм хангамжийг бий болгож, цогц байдлаар анхлан хэрэгжүүлэх онцлог төсөл болох юм. Төслийн хүрээнд төр буюу нийслэлийн зүгээс хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

Энэ үеэр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Төр хувийн хэвшил хамтран ажилласнаар  гүйцэтгэлийн чанар сайжирч, төсвийн дарамт багасна. “Смарт кар” төсөл нь Нийслэл мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшилтэй хамтарч байгаа анхны төсөл гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн цаашид жолооч нар автомашинтайгаа холбоотой бүхий л мэдээллийг нэгдсэн нэг системээр шуурхай авах боломж илүү сайжирна гэв.

О.Энхмөнх: Ирэх оны эхний хагас гэхэд даатгалыг цахимжуулж нэвтрүүлнэ

“Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх: Анх 2016 онд SMARTCAR төслийн суурийг тавьж, зөвхөн тээврийн хэрэгслийн татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллийг харах боломжтой байжээ. Шинэчилсэн төслийн хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ.  Ирэх оны эхний хагас гэхэд даатгалыг цахимжуулж нэвтрүүлнэ гэв.