“Алтай хотхон”, “Нарны хороолол”-ыг холбосон явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн

newslifemn 2023-08-17

  Нийслэлийн Баянгол дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Нямсүрэн дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явцын талаарх мэдээлэл өглөө.  Тухайлбал, Баянгол дүүрэгт 2023 онд 1, 16, 24, 33-р хорооны 4 байршилд авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар:
  • 1-р хороо, Богд-Ар хороолол,
  • 24-р хороо, Алтай хотхон, Дунд гол дагуух зам
  • 33-р хороо, 67-р байр орчмын замын ажил эхэлсэн бол 16-р хороо, “БОСА” төвийн хойд талын зам шинэчлэн засварлах ажил хараахан эхлээгүй байна.
Түүнчлэн энэ онд дүүргийн хэмжээнд 8 хорооны 8 байршилд авто зогсоолын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Үүнээс 4 байршил буюу 5-р хороо, “Тэмүүлэл хотхон”, 14-р хороо, 13б байрны ар тал, 4-р хороо, 20 дугаар сургуулийн баруун талд, 2-р хороо, далан дагуу 33-р хороо, 66,67 байрны авто зогсоолын ажил дууссан байна. Одоо 10-р хороо, Хорооны цогцолбор байрны урд талын зогсоолын ажил хийгдэж эхэлсэн бол 23-р хороо, Хорооны байрны урд тал, 3-р хороо, 41-р байрны зүүн талын зогсоолын ажил удахгүй эхэлнэ гэлээ.
Түүнчлэн энэ энд дүүргийн хэмжээнд 18 хорооны 38 байршилд явган замын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 22 байршилд ажил хийгдэж, зарим нь дуусаад байна.
Үүнээс гадна энэ онд ДТХО-аар хийгдэж буй томоохон ажил нь 24, 26-р хороонд байрлах “Алтай хотхон” “Нарны хороолол”-ын дунд  хийгдэж буй явган хүний гүүрэн гарцын ажил бөгөөд гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлсэн гэдгийг онцоллоо.