Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон”-ы ил түүх номын нээлт боллоо

newslifemn 2023-08-9

“Монголын нууц товчоон”-ыг Бодлогот баатар гүн Б.Цэнд 1916-1917 онд монгол бичгээр сийрүүлэн буулгасан нь дэлхий дахинаа анх удаа монгол хүн монгол хэл, түүхийн гайхамшигт дурсгалыг орчуулсан түүхэн үйл хэрэг болсон юм.

Түүний энэхүү эрдмийн үйлс тасралтгүй үргэлжилж, Б.Цэнд гүнгийн удам залгасан эрдэмтэн охин, түүхч Ц.Хандсүрэн тэргүүтэй эрдэмтэд уг орчуулгыг судлах, олонд хүргэх ажлыг гүйцэтгэж ирсэн билээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн 2022 онд “Бодлогот баатар гүн” сангийн тэргүүн, Б.Цэнд гүнгийн ач хүү Б.Мөнхсүх удирдан эрхэлж, доктор, профессор Г.Билгүүдэй, доктор, дэд профессор Д.Болормаа нар “Цэнд гүнгийн орчуулсан МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН тайлбарт эх” хэмээх гурван боть бүтээлийг хэвлүүлсэн билээ. Тус бүтээлд “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон”-ыг кирилл үсэгт суурилан галиглаж, давхардсан тоогоор 8700 гаруй үг хэллэгийн тайлбарыг үйлдсэн юм.

Энэ ажлыг улам бүр өргөжүүлэн тэлэх зорилгоор энэ онд Цэнд гүнгийн орчуулсан “Юань улсын нууц түүх” буюу “Монголын нууц товчоон” бүтээлийг олон нийтэд “ил түүх” болгон дэлгэх цааш цаашдын олон ажлын эх болгон “Бодлогот баатар гүн” сангийн тэргүүн Б.Мөнхсүх мөн эрхэлж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхбадрах “Цэнд гүнгийн орчуулсан ‘Монголын нууц товчоон’-ы ил түүх” номыг бүтээж, олны хүртээл болгож байна.

No description available.

Тус бүтээлд:

  1. Цэнд гүнгийн орчуулсан тус бүтээлийг олон нийтэд илүү ойлгомжтой болгон, гар бичмэл эхийг уг эхэд буй ёсоор нь цахим хэлбэрт оруулж;
  2. Тус бүтээлийг дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын судалгааны хэрэглэгдэхүүн болгох, мөн цаашид нарийвчлан судлах ажлын эхлэл болгох үүднээс эрдэм шинжилгээний бүрэн галигийг үйлдэн (60 мянга гаруй үг);
  3. Мөнхүү бүтээлийг өнөөгийн олон уншигчдад түгээн дэлгэрүүлэхийн тулд кирилл үсэгт холбогдох тайлбар, зүүлттэйгээр хөрвүүлсэн ажээ.

“Чингис хаан үндэсний музей”-д эрдэмтэн судлаачид, Цэнд гүнгийн үр удмынхан гээд өргөн хүрээнд ёслон нээж буй номын баярын үеэр тус бүтээлийн дээжийг Цэнд гүнгийн хүү, эдүгээ 90 гаруй насыг зооглож буй Ц.Бодьсүрэн гуайд ёслон гардуулж буй нь бахархам сайхан үйл хэрэг болж байна.

No description available.

No description available.