Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс танилцуулга хийлээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан.
Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг боловсруулж, НИТХ-аар батлуулна. Дараа нь Сангийн яамнаас үнэт цаас гаргах саналыг хянаж дүгнэлт гаргах бөгөөд Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлэнэ. Асуудал дэмжигдсэн тохиолдолд Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох хуулийн зохицуулалттай.
Зөвлөлийн хурлаар Нийслэл Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчинг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг санал дүгнэлтийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр тогтов.
0 cэтгэгдэлтэй